Б.Хорвоо: Монголд ирэх нь миний ч биш өвөрмонголчуудын мөрөөдөл байх

ӨМӨЗО-ы Ордос хотоос ирж, Соёл урлагийн их сургуулийн Радио, телевиз медиа урлагийн сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцаж буй Б.Хорвоотой ярилцлаа. Алс газраас ирсэн тэр ижий аав, эх нутгаа дурсан өгүүлэхдээ дэндүү их санагалзсан нь мэдэгдэх аж.

-Хоёулаа яриагаа таны хүүхэд наснаас эхлүүлмээр санагдлаа. Энэ тухай хуучлах уу?

-Би зургаан нас хүртлээ хөдөө амьдарсан. Түүнээс хойш сургууль соёлын мөр хөөж хот орсон юм. Амралтаараа хөдөө явдаг ч морь малтай тэр бүр ойртоод байдаггүй. Хүн бүхэн адилгүй, хүлэг бүхэн жороогүй гэдэг дээ. -Завсарлагааны арав, хорин минутыг алдалгүй ном уншиж харагддаг. Ном зохиолд хорхойсон суухыг хараад өвөө, эмээ тань номын хүн байсан юм болов уу гэж бодогдсон? -Өвөө, эмээ минь жирийн л малчин. Би малчин хүнийг номын хүнээс агуу гэж боддог. Тэд чинь мянган эрдмийн эзэн шүү дээ (инээв). Үгээр, үлгэрээр сургахаасаа илүү надад итгэн хүссэн бүхнийг минь хийлгэж, уншихыг хүссэн номыг минь авч өгдөг байсан.

-“Бадарчин”, “Цуутын цагаагч гүү“ үлгэрийг монголчууд хүүхдүүддээ ярьж өгсөөр ирсэн. Танай нутгийнхан хүүхдүүддээ ихэвчлэн ямар үлгэр ярьж өгдөг вэ?

-Манай нутагт “Алунгоо эхийн домог”, “Арван таван толгойтой атгаалжин хар мангас” үлгэрийг сонсолгүй өссөн хүүхэд гэж үгүй. Би ч мөн эдгээр үлгэрийг цээжээр мэднэ. Гэвч нуух зүйлгүй хэлэхэд, одоо цагийн эцэг эхчүүд хүүхдүүддээ үлгэр ярьж өгөхөө больсон. Хүүхэлдэйн кино л үзүүлж байгаа харагддаг.

-Монголд анх хэзээ ирсэн бэ?

-2016 онд их сургуульд элсэн суралцахаар анх ирж байв. Ирэхээсээ өмнө Монголд очихсон гэж мөрөөддөг ч энэ зөвхөн миний биш өвөрмонголчуудын мөрөөдөл байх.

-Яагаад заавал Монголд сурахаар болсон юм?

-Би хэл шинжлэл, уран зохиолд дуртай. Хэлний орчин, уран зохиолын хөгжлөөр Монгол Улс Өвөрмонголоос илүү болохоор гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөний эцэст Монголд ирж сурахаар болсон.

-Аав, ээж нутаг усныхаа тухай яриач. Хэр их санаж байна вэ?

-Монгол хүн чинь нутаг амьтай шүү дээ. Ус нь хүртэл чулуугаа үгүйлдэг шиг нутаг ус, аав ээжээ их санана. Санасан сэтгэлээ цагаатгахын тулд ном уншиж, шүлэг бичдэг. Өөртөө өчүүхэн ч чөлөө олгож, цаг үрэхийг хүсдэггүй.

-Нутаг ус, ижий ааваа санан гэгэлзэхээрээ хүн бүхэн л нэгийг амандаа дуулж яваа харагддаг. Таны хувьд ямар дуу, шүлгийн мөрүүдээр сэтгэлээ тайтгаруулж байна?

-“Хүн хүний нутагт хагас жаргаж өөрийн нутагт бүтэн жаргадаг” гэсэн үгийг л амны уншлагаа болгож явна.

-Өвөрмонголын их сургуульд Монголын, дэлхийн, Хятадын уран зохиол гэсэн хичээл ордог гэж сонссон. Монголд ирэхдээ манай зохиолчдоос хэн хэнийг таньдаг байв?

-Би арван жилээ төгсөөд шууд Монголд ирсэн болохоор Өвөрмонголын их сургуульд уран зохиолын хичээл яаж ордгийг сайн мэдэхгүй. Гэхдээ Д.Нацагдорж, Б.Ренчинээс эхлээд Д.Урианхай, Б.Лхагвасүрэн, Т.Галсан, Ц.Хулан гээд монгол зохиолчдын бүтээлүүдийг багаасаа л уншдаг байсан. Монголын утга уянгын их мэргэд ном зохиолд хорхойсон өөрийгөө чагнахуйн ухааныг өвлүүлсэн дээ.

-Г.Аюурзанын ном бүтээлийг ихэвчлэн уншиж байгаа харагддаг. Энэ зохиолч бусад зохиолчдоос юугаараа өөр байна вэ?

-Эхлэл маш сонирхолтой. Уншигчдад үргэлжлүүлэн унших сэдэл төрүүлдэг. Судалгаа сайтай. Жишээ нь, “Шүгдэн” романд гардаг Хүчинтөгс бол манай нутгийн хүн. Би Хүчинтөгс багшийг сайн танина. Бид байнга уулзаж түүх, соёлын тухай ярилцдаг байлаа. Жилийн өмнө нэг уулзахад “Монголын зохиолч Г.Аюурзана Ордос хотод ирж намайг судлаад ном бичнэ гээд явсан. Чи тэр номыг нь уншсан уу” гэж асууж билээ. Багштайгаа уулзаж ирээд “Шүгдэн” романыг уншсан маш сонирхолтой санагдсан.

-Өвөрмонголд Г.Аюурзанатай адилтгахаар зохиолч, яруу найрагч гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Өвөрмонголд уран зохиолын хөгжил маш буурай. Залуу үеийн зохиолчдын дунд бараг байхгүй байх.

-Сарын өмнөхөн Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” тууж монгол хэлнээ орчуулагдсан. Энэ туужаар хийсэн нэг ангит кино хүртэл байдаг юм билээ. Таны хувьд хятад хэл дээр эл туужийг уншиж байсан уу?

-Хятад хэлээр хэдэн жилийн өмнө уншиж байсан. Саяхан монгол орчуулгыг нь уншлаа. Орчуулагч нь яруу найрагч болоод ч тэр үү үг бүрийг амьтай гэдгийг мэдэрч тун болгоомжтой харьцсан байна билээ. Энэ номыг уншаад амьдралд үхлээс бусад нь бүгд аз жаргал гэж санагдсан.

-Сэтгүүлч Ж.Тэгшжаргалын “25” номыг уншиж байсан. Хэрэв танд номын зохиогчтой уулзах боломж олдвол асуухыг хүссэн асуулт байна уу?

-Тухайн зохиогчийн хэлэх гэж буй санаа, нарийн мэдрэмжүүдийг бүтээлээс нь л уншиж ойлгохыг хичээдэг. Хэрэв ойлгохгүй бол дахин уншина. Зохиогчтой уулзах зол тохиовол “Шинэ ном тань хэзээ хэвлэгдэх вэ хүлээж суугаа шүү” л гэнэ дээ.

-Энд ирээд хөдөө нутгаар явж үзэв үү?

-Төв аймаг мөн Тэрэлж рүү явлаа. Өвөрмонголд үзэгдэж харагдаагүй тал нутаг нүднээ цэлийж, уул үүлэн нийлэн харагдсан. Тэр зураглал сэтгэлээс хэзээ ч гардаггүй. Ардын дуу шиг ээ үнэн, уртын дуу шиг ээ уянгатай нутаг юм. Нэг харамсмаар юм ажиглагдсан нь аялал жуулчлалаа хөгжүүлж чадаагүй байна.

-Сүүлчийн асуулт. Монгол залуус боловсрол, сэтгэлгээний хувьд ямар байна вэ?

-Хэн нэгнийг “Энэ ямар вэ, хэн бэ” гэж дүгнэх эрх надад байхгүй. Монгол хүнийг дэлхийд таниулах зүйл бол яахын аргагүй уламжлал, эх хэл, бичиг, түүх соёл, уртын дуу, морин хуур, хөөмий, монголчуудын нүүдэлчин амьдрал, ёс заншлыг харуулсан монгол гэр юм. Гэвч монгол залуус уламжлалаа умартаад байгаа нь харамсалтай. Үндэстэн хөгжихийн тулд мэдээж шинэчлэлд түшиглэнэ. Харин үндэстэн оршин тогтноход уламжлал маш чухал үүрэгтэй. Уламжлалаа л битгий умартаасай.

Эх сурвалж: 

 

One thought on “Б.Хорвоо: Монголд ирэх нь миний ч биш өвөрмонголчуудын мөрөөдөл байх

  1. Нэргүй 2019-01-08 10:19 at 10:19

    ene mundag hyn bno shyy haraarai. amjilt bitgii zogsooroi.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн