Сүүлийн өдрүүдэд “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой ор үндэслэлгүй, гүтгэлэгт мэдээлэл гарч байгаатай холбогдуулан тус компаниас албан ёсоор мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлдээ “Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад бүртгэлгүй biduuchlahgui.wordpress.com хуурамч мэдээллийн сайтаар Гацууртын Чинбат ЖДҮ-ээс том төрийн санг хоосолжээ гэх гарчигтайгаар тарааж байгаа мэдээлэл нь илт худал, захиалгатай, зорилготой гүтгэлэг юм.
Дээрх нийтлэлд байгаа “Л.Чинбат уул уурхайн нууц материалуудыг олж авсан,… Н.Наранчимэг 60 орчим шар алтны лиценз анх авч байсан,… Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дундговь гээд газрыг нь ухаж, алтыг нь аваагүй нутаг гэж үгүй,… Атрын-3 аяны хүрээнд төрөөс гарсан санхүүжилтийн бараг 80 хувийг гагцхүү “Гацуурт” ХХК л авч байлаа,… төрөөс нийт 35 тэрбум төгрөгийн санхүүжилт авч үйл ажиллагаандаа зарцуулсан, 13.9 тэрбум төгрөгийн шатахууны дэмжлэг авсан,… Л.Чинбат ТЭДС-г жинхэнэ цөлмөдөг болох баримтуудыг та бүхэндээ толилуулж байна.,
…Гацуурт салбар хариуцсан яамнаас 50 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна гэх мэдээллүүд нь ор үндэслэлгүй, захиалга, зорилготойгоор тарааж байгаа илт худал мэдээлэл, гүтгэлэг болохыг үүгээр мэдэгдэж байна. Уг гүтгэлгийг тараасан biduuchlahgui.wordpress.com сайтыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандахад уг сайт нь хуурамч, Монгол Улсад бүртгэлгүй болох нь тогтоогдсон.
Нэр хаяг, хариуцах эзэнгүй хуурамч сайтаар манай компанийн болон Ерөнхий захирал Л.Чинбатыг захиалга, зорилготойгоор гүтгэж, илт худал мэдээлэл тарааж байгаа дээрх сайтыг, холбогдох этгээдийг ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд гомдол гарган шалгуулж байгаа. МАН-ын гишүүн, Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр нь Хууль зүйн дэд сайд байхдаа тус компанийн эсрэг Л.Чинбат “ТЭДС-гийн урамшууллын талыг авчээ” гэх гүтгэлэг цахим орчимд тарааж байсныг хууль хяналтын байгууллага илт худал гүтгэлэг болохыг тогтоож, холбогдох этгээдэд хариуцлага тооцсон.
Энэ удаа ч гэсэн Монгол Улсад бүртгэлгүй, эзэн, хаяг нь тодорхой бус, хуурамч biduuchlahgui.wordpress.com гэх сайтаар тараасан дээрх илт худал гүтгэлгийг цахим орчимд идэвхтэй тарааж байгаад манай компани харамсаж байгаа бөгөөд дахин манай компанийн эсрэг худал гүтгэлэг тараахгүй байхыг таниас хүсч байна. “Гацуурт” ХХК нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш улс эх орондоо, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт хамгийн сүүлийн үеийн техник, технологийг нэвтрүүлж, МОНГОЛ ЭРҮҮЛ ХҮНС уриатайгаар 3000 гаруй ажлын байр бий болгож, шударгаар татвараа төлж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд татвар төлөгчдийн, төсвийн мөнгөнөөс хууль бусаар нэг ч төгрөг авч байгаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Гацуурт ХХК” гэжээ.
Гацуурт ХХК-ын талаар Бид уучлахгүй цахим сайтад доорх мэдээлэл гарсан байгаа.
Гацууртын Чинбат ЖДҮ-с том Төрийн санг хоосолжээ
Олны нүдэнд хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч, хөдөлмөрийн баатар, Монгол телевизийн эзэн гэдгээрээ харагддаг “Гацуурт”-ын гэх Л.Чинбатын талаар элдэв дуулиан тасардаггүй.
Ноён уулаа зарсан, Юнескогийн өвд бүртгэгдсэн Төвхөн хайрханыг ухсан, хамгийн олон ашигт малтмалын лицензтэй л гэнэ, алт ухаж, төрийн мөнгөөр баяжсан, азийн баячуудын тоонд орсон гээд олон дуулианд холбогдсон түүний талаар товчхон нэгэн мэдээлэл хүргэе.
“Гацуурт”-ын Л.Чинбатын Монголын газар тариалангийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Гацуурт” компанийг удирддаг гэдгээр нь хүмүүс илүү мэднэ. Гацуурт ХХК нь анх 1993 онд гацууртын алтны ордыг түшиглэн байгуулагджээ. Л.Чинбат Ерөнхий сайд агсан П.Жасрайгийн урд хойно нь орж гүйсээр уул уурхайн судалгааны маш нууц баримтуудыг олж авсан гэдэг. Тэр үеэс л нэг хүнд ийм олон лиценз олгож болдог юм уу гэж бодогдмоор их алтны орд бүхий талбайг Л.Чинбат захирал эзэмшилдээ авч эхэлсэн байна.
Гэргий Н.Наранчимэг буюу “Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирлынхаа нэр дээр нийт 60 орчим зөвхөн шар алтны лиценз анх авч байв. Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дундговь гээд газрыг нь ухаж, алтыг нь аваагүй аймаг, орон нутаг ч гэж үгүй. Ингэж хөлжсөн түүнд арай “нэр цэвэр” бизнес хэрэгтэй боллоо. Өөрийн найз А.Сүхбаттай нийлэн “Аварга” дээд сургуулийг байгуулсан ч нэг л гар нийлсэнгүй. (Харин одоо А.Сүхбаттай гар нийлэн бөхийн холбоог сүйтгэж яваа)
Гэтэл азаар Говь-Алтай аймгийн Бигэр сумын 8 жилийг хамт дүүргэсэн ангийн анд Т.Гантулга нь Хүнс хөдөө аж ахуйн яамны дэд сайд болоодохлоо. Т.Гантулга найзынхаа ачаар Хөдөө аж ахуйн сайд Т.Бадамжунайтай танилцан дотносож, алтны магнатаас тариаланч болох замаа нээжээ. Тэдний гурвал хамтран газар тариалангийн салбарыг ёстой л тонон дээрэмдэх шиг болсон. “Атрын 3” аяны хүрээнд төрөөс гарсан санхүүжилтийн бараг 80 хувийг гагцхүү Гацуурт компани л авч байлаа. Ямар сайндаа л Т.Бадамжунай, Т.Гантулга нар Хүнс, хөдөө аж ахуйн яамыг толгойлж байх үед тендерчдийн дунд “100 сая юу ч биш, гар цайлгах мөнгө” гэдэг хэлц үг гарч байхав.
“Гацуурт” нь 40-45 мянган га талбайд газар тариалан эрхэлдэг гэхээр ямар хэмжээний компани болох нь ойлгомжтой. Гэвч Л.Чинбатад энэ бүхэн багадаж байгаа бололтой.
Л.Чинбат тариалан эрхлэгчдээ боомилж, дотоодын компаниудаа дампууруулах гэж байна хэмээн үргэлж шахуу гомдоллож байдаг. Үнэндээ тариалан эрхлэгчдийг төрөөс дэмжээгүй биш дэмжиж ирсэн байдаг. Тэр тусмаа өөрсдийг нь боомиллоо хэмээн хамгийн ихээр хашгирч байгаа “Гацуурт” компани, Л.Чинбат өнгөрсөн хугацаанд төрөөс хамгийн их дэмжлэг авч, ашиг шимийг нь хүртсэн байх юм. Үүнийг дараахь хэдхэн баримтаас харж болно.
“Гацуурт” болон түүний салбар харьяа компанийн хувьд Монголд хамгийн том буюу 40-45 мянган га талбайд газар тариалан эрхэлдгийг дээр өгүүлсэн. Тиймдээ ч дан ганц “Гацуурт” гэлтгүй “Торгон үр”, “Сэлэнгийн тариалан”, “Скрин”, “Сэлэнгэ тос” “Монгол ногоо” зэрэг өөрийн 40 гаруй охин компаниар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Тэгвэл эдгээр компаниараа дамжуулан өнгөрсөн хугацаанд төрөөс нийт 35 тэрбум төгрөгийн дэмжлэгийг авч үйл ажиллагаандаа зарцуулжээ. Үүний 13.9 тэрбум төгрөгийг гэхэд зөвхөн шатахууны дэмжлэг болгон авсан байдаг юм байна. Мөн 11.1 тэрбум төгрөгийг дотоодын гурилын үйлдвэр болон ТЭДС-нд тушаасны урамшуулал болгон улсын төсвөөс авчээ. Нэг зүйлийг тодотгоход өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс олгосон 35 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлэхдээ НӨТ-ын Гаалийн албан татварын чөлөөлөлтөд хамруулсан гэхээр “Гацуурт” хэдий хэмжээний ашигтай ажилласан нь ойлгомжтой болов уу. Гэхдээ энэ бол наад захын дэмжлэг.
ХХААХҮ-ийн сайдын тушаалаар “Гацуурт” компани Мал хамгаалах сангаас нэг тэрбум төгрөгийн зээл авч Франц улсаас лимүзин үүлдрийн махны чиглэлийн 138 толгой үхэр оруулж ирсэн байдаг. Үүнээс гадна ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны тавдугаар сарын 16-ны өдрийн тушаалаар дахин улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Францаас монтбелиард, лимүзин үүлдрийн 176 толгой үхрийг оруулж ирсэн байдаг аж. Гэвч “Гацуурт”-ынхан улсын төсвөөс гаргуулсан хоёр тэрбум төгрөгийн гэрээний жилийн эцсийн тооцооны үлдэгдлийн баталгааг өнөөдрийг хүртэл хийхгүй зайлхийсээр байгаа гэнэ. Энэ мэтчилэнгээр “Гацуурт”-д салбар хариуцсан яамнаас нь өнгөрсөн хугацаанд 50 орчим тэрбум төгрөгийн дэмжлэгийн үзүүлсэн байх юм.
Саяхан энэ асуудлаар Л.Чинбат болон Гацуурт ХХК ТЭДСангаас нэг ч төгрөг аваагүй хэмээн сүржин мэдэгдэл гаргажээ. Гэтэл үнэндээ Л.Чинбат болон түүний хамаарал бүхий компаниуд ТЭДСанг жинхэнэ цөлмөдөг болох баримтыг Та бүхэнд толилуулж байна.
Баримт 1. Л.Чинбаттай холбоотой компаниудын зөвхөн ТЭДСангаас авсан хүүгүй зээлүүд
Баримт 2. Нэр дурьдагдсан компаниуд Л.Чинбаттай холбоотойг нотлох баримтуудыг Та бүхэн Улсын бүртгэлийн газрын www.opendata.burtgel.gov.mnцахим хуудаснаас шалгах боломжтой
Баримт 3. Л.Чинбат Монгол ТВ нь байхад яаж ч худлаа ярьж болно гэж бодсон бололтой. 2017 онд ТЭДС-аас нэг ч төгрөгийн урамшуулал аваагүй гээд цагдаа шүүхээр айлгасан сүржин мэдэгдэл хийсэн юм. Гэвч түүний компаниуд ТЭДСангаас тэрбум тэрбумаар нь хумсалсаар л байгааг Та бүхэн www.shilendans.gov.mn цахим хуудаснаас одоо ч харж болох юм^
2/23/17 | Хандгайт уул ХХК | 73,466,450 | Хїнсний улаан буудайн урамшуулал |
2/23/17 | Скрин ХХК | 137,673,400 | Хїнсний улаан буудайн урамшуулал |
2/23/17 | Монгол ангус ХХК | 361,911,400 | Хїнсний улаан буудайн урамшуулал |
2/23/17 | Номгон буудай ХХК | 91,349,600 | Хїнсний улаан буудайн урамшуулал |
5/12/17 | Скрин ХХК | 228,031,095 | Буудайн үнэ |
12/12/17 | Сэлэнгэ тариа ХХК | 865,662,089 | ҮРИЙН БУУДАЙН үнэ |
12/12/17 | Гацуурт ХХК | 3,375,000,000 | ҮРИЙН БУУДАЙН үнэ |
12/20/17 | Скрин ХХК | 600,000,000 | ҮРИЙН БУУДАЙН үнэ |
12/20/17 | Сэлэнгэ Тос ХХК | 562,500,000 | ҮРИЙН БУУДАЙН үнэ |
12/20/17 | Монгол ногоо ХХК | 525,000,000 | ҮРИЙН БУУДАЙН үнэ |
Эдгээрээс харахад монголчууд бид Татвар төлөгчдийн хуруу хумсаа хугаслан байж Төрдөө тушаасан татварын мөнгийг хумсалсаар Азид толгой цохих баян болоод жинхэнэ Төрийн дэмжлэг хүртэх ёстой Жижиг, дунд бизнес эрхлэгчдээ өмнөө зогсоон бүлтэлзүүлэгч Гандан бууршгүй Шарктай болжээ.