Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан 32 настай эмэгтэй “Ш”-г цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлжээ. Тодруулбал, СХД-ийн 18 дугаар хорооны цагдаагийн алба хаагчид тус нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа айлын цонх онгорхой, дотор нь эмэгтэй хүн юм ухаж байхыг харсан байна. Сэжиг бүхий энэ үйлдлийг шалгахад өмнө нь дөрвөн удаагийн хулгайлах төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан этгээд байсныг илрүүлжээ.
“Ш” нь хоёр сартай хүүхдээ тэжээхийн тулд, амьдралын боломж муу учир хулгай хийсэн гэж мэдүүлсэн байна. Хулгайлж байсан эд зүйлийн үнэлгээг урьдчилсан байдлаар тогтооход 22 сая төгрөгийн үнэ бүхий Турк алтан ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяганууд, мөнгөн эдлэл, хэрэглэл, халбага зэрэг тогтоогдож байгаа аж.
Хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээдийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд Ш нь Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст хулгайн гэмт хэргээр шалгагдаж байх үедээ энэ хэргийг үйлджээ.