УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар өнөөдөр (2019.01.03) үдээс өмнөх чуулганы хуралдаанаас завсарлага авсан. Гэвч МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цөөн тооны хэдэн гишүүнтэй уулзаад тарсан байна.
Ингээд бүлгийн хурал мөн л хуралдсангүй, гишүүд байр сууриа нэгтгэх боломж гарсангүй.
Үүсээд буй нөхцөл байдлын талаар УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт: Чадахгүй бол УИХ-ын гишүүн байх шаардлага байхгүй
Би УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зураагүй. Бид үүргээ биелүүлэх ёстой. Ард түмний итгэл, найдварыг хөсөрдүүлээд УИХ, Засгийн газар, нам үндсэндээ ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Үнэхээр чадахгүй бол заавал УИХ-ын гишүүн байгаад байх шаардлага байхгүй. Өнгөрсөн 28 жилд хоёр нам болж, улстөржиж, талцаж, бие биенийхээ хийсэн ажлыг үгүйсгэж явж ирсэн. Үүнийг засахын тулд тодорхой бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх боломж 65 суудалтай намд бий боллоо гэж бодож байсан боловч харамсалтай нь дотроо хуваагдаад ойлголцож чадахгүй байгаад харамсаж байгаа. Хоёр талаас ажлын хэсэг гарсан ч үр дүн гарахгүй байна.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Улс төрийн байгууллагын шийдвэрийг гишүүд биелүүлэх үүрэгтэй
Засгийн газар оны эхний өдөр яамдаас Засгийн газрын хуралдаанд оруулах материалууд хангалтгүй байсан учраас Засгийн газрын хуралдаан ирэх долоон хоногт хуралдахаар болсон. Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганыг гацааж байгаа гэх асуудлын тухайд бол манай намын Удирдах зөвлөлийн шийдвэр, Бага хурлын шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, улс төрийн байгууллагын шийдвэр гарчихсан учир гишүүд бүгд биелүүлэх үүрэгтэй. Оны өмнө МАН-ын хуваагдсан хоёр тал уулзаад зөвшилцсөн тухай би сонсоогүй.
Засгийн газрын үйл ажиллагаа, Сангийн яамны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. УИХ-ын тухайд 2018 оны дөрөвдүгээр сард өргөн барьсан Татварын тухай хуулийг одоо хүртэл хэлэлцүүлж өгөхгүй байна. Тендерийн тухай хууль байна. Одоо хүртэл хэлэлцэж өгөөгүй. Ингээд асуудлууд байна шд.
Тэд ийн байр сууриа илэрхийллээ. Ард түмэн бол төрийн түшээдийг үүрэгт ажлаа хийхийг л хүсч байгаа. Тэгэхээр ард түмнээ төлөөлөн төрийн өндөр сэнтийд тухалж буй түшээд ажлаа хойш тавьсан урт удаан хугацааны дараа улс төрийн намын шийдвэрийг дагах уу, УИХ-ын тухай хуулиа дагах уу гэдгийг харж л байя.