Өнгөрсөн 2018 он нь Фэйсбүүк компанийн хувьд гамшгийн жил боллоо. Оны турш хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг бусдад санаатай болон санамсаргүй алдсан, дамжуулсан, улс төрийн суртал нэвтрүүлгийн платформ болж ашиглагдсан, буруу менежмэнтийн бодлого хэрэгжүүлсэн зэрэг олон дуулиан энэ компанийн нэр хүнд, ашиг орлогод сөргөөр нөлөөлж байсан юм. Үр дүнд нь Фэйсбүүкийн хувьцааны 13 хувийг эзэмшдэг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукербэргийн хөрөнгө огцом буурсан байна.
Блүүмбэргийн тооцоолсноор 2018 оны эхэнд Зукербэрг $75 тэрбумын хөрөнгөтэй байсан бол арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар $53 тэрбумтай үлджээ. Энэ нь $22 тэрбумын хөрөнгөө алдсан гэсэн үг юм. Өнгөрсөн оны долдугаар сарын 25-нд Фэйсбүүк компани хоёрдугаар улирлын санхүүгийн тааруу үр дүн танилцуулсны дараа хувьцааны үнэ нь 20 орчим хувиар унасан ажээ. Ерөнхийдөө 2018 оны сүүлийн улиралд хөрөнгийн зах зээл уналттай байснаас технологийн компаниудад илүү хүндээр туссан. Гэхдээ эдгээрийн дотроос хамгийн их алдсан нь Марк Зукербэрг болж, дэлхийн топ 500 тэрбумтны дотор хөрөнгөө хамгийн их хэмжээгээр бууруулсан хүн болсон байна.
Эх сурвалж: Business Insider