УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр (2019.01.02) хуралдах товтой байсан. Гэвч мөн л ирц хүрээгүй шалтгаанаар хуралдаанууд дахин хойшлогдлоо. Тухайлбал, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалтын талаар хэлэлцэх байв. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлын чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил болон хөрөнгө зарцуулалтын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн ерөнхий сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчийг томилох зэрэг асуудлыг хэлэлцэж, хугацааг товлох ёстой байсан юм. Гэвч тус байнгын хорооны хурал ийнхүү гурав дахь удаагаа хойшлогдлоо.
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаар гурван асуудал хэлэлцэх ёстой байлаа. Гэвч Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Гэмт этгээдийг шилжүүлэх тухай, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд байгуулсан гэрээнүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд ийнхүү хойшлогдоод байна.