Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороолол орчимд “Пример инвестмент” ХХК-ийн барьсан 60 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, орон сууцны 14 дүгээр хороололд барьсан “Зургаан талт” компанийн ашиглалтад оржээ. Ингэснээр 120 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа болж, газраа чөлөөлсөн иргэд байрныхаа түлхүүрийг нь гардан авсан байна.
Түлхүүр гардуулах ёслолд Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаны хүмүүс оролцжээ. Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 7/29, 12/43, 14/02, 2014 оны 19/23, 2018 оны 127 дугаар тогтоолын дагуу гэр хорооллыг барилгажуулах төслийг 25 байршлын 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэх юм. Тус батлагдсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбай нь 16.317 нэгж талбай бүхий 1516.6 га газрыг хамарч, гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амийн есөн хувийг эзэлж байна.