Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 362 сая 832 мянга 639 баримт хэвлэгдэж, 238 сая 737 мянга 388 баримт баталгаажсан байна. Ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд энэ оны баримтаа бүртгүүлэн баталгаажуулсан байх ёстой юм байна.
Иргэдийн хувьд зарим бүртгүүлсэн баримтад “ААН илгээгээгүй” гэсэн төлөв гарч ирдэг. Харин ийм тохиолдолд дахин давтагдашгүй төлбөрийн дугаар /ДДТД/ буюу 35 оронтой тоог үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагддаг гэж хэрхэн засах талаар ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэг хэлсэн байна.
ААН нэгжүүдийн илгээгээгүй төлөв
- Үнэхээр тухайн аж ахуйн нэгж нь баримтаа ирүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаа буюу 72 цагийн дотор илгээх ёстой. Хэрэглэгч QR кодоор уншуулахад бүртгэгдлээ гэж гарч ирдэг. Тухайн бараа бүтээгдэхүүний кодыг 72 цагийн дотор бүртгүүлсэн мөртлөө ААН илгээгээгүй төлөвтэй байгаад байвал тухайн байгууллага мэдээллээ ирүүлээгүй байна гэсэн үг.
- Хоёрдугаарт, QR код уншигдах боломжгүй баримтыг гараар шивж оруулдаг. Гараар шивж оруулахад сугалааны эхний хоёр үсгийг буруу оруулах, арын найман орныг буруу бичсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөвт орчихдог.
- Гуравдугаарт, үнийн дүнг буруу оруулснаас үүдэн ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг. Зарим хэрэглэгчдийн хувьд дэлгүүрээс бараа авангуутаа буцаалт хийдэг. Баримтаа бүртгүүлсэн мөртлөө бараагаа буцаачихдаг. Тэгэхээр татвар төлөгч бизнес эрхлэгч маань энэ барааг буцаасан гэдэг үүднээс буцаалтаар тэмдэглэдэг. Үүнээс шалтгаалан баримт дээр нь ААН илгээгээгүй гэсэн төлөв үүсдэг.
Хэрвээ ААН илгээгээгүй байгаа төлөвтэй баримтыг нэгдүгээрт ebаrimt.mn сайтад сугалааны дугаараар оруулах уу, дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар /ДДТД/ оруулах уу гэсэн сонголтоос баримт тань байвал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар оруулаад тухайн баримт маань илгээгдсэн, илгээгдээгүй гэсэн төлөв гарч ирдэг. Илгээгдсэн байвал таны баримт автоматаар уншигдаад ороод ирдэг аж.
Мөн сугалааны дугаар буруу байвал ААН илгээгээгүй гэсэн төлвөө устгаад дахин төлбөрийн баримтаа оруулж болно гэсэн үг. Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагдана.
Түүнчлэн өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолд CI000 дугаартай баримт өгдөг. Уг баримтыг авсан тохиолдолд заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаараар бүртгүүлснээр баталгаажина. Тэгэхгүй бол QR код болон сугалааны дугаараар бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг.
Хэрэглэгчид ирэх оны нэгдүгээр сарын 8-ны дотор иргэд баримтаа бүртгүүлсэн байх ёстой. Хэрвээ 2018 оны баримтаа 2019 оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш бүртгүүлбэл тухайн баримт маань ААН илгээгээгүй гэсэн төлөвт орох бөгөөд баримтын урамшуулал бодогдохгүй гэсэн үг.
Зарим иргэдийн хувьд бүртгэлийн дугаар, нууц үгээ мартах тохиолдол гардаг. Хэрвээ хэрэглэгч утасны дугаараа солиогүй бол 131313 тусгай дугаарт “?” тэмдэгтийг илгээснээр таны дугаар дээр бүртгэлтэй хэрэглэгчийн нэр, бүртгэл ирдэг. Бүртгэгдээд гарч ирэхгүй байна гэвэл ТЕГ-ын 1800-1288 дугаарт залгаж, регистрийн дугаараа шүүлгүүлэн засвар хийлгэж болно.
Түүнчлэн харилцах банкны дансны дугаараа зөв хийсэн эсэхээ шалган баталгаажуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хаагдсан банкны данс руу таны урамшууллын мөнгө орохгүй буцаагдах юм байна.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар