Индонезийн Вей Мули тосгоны иргэн Удин Ахок гэрт нь аварга том давалгаа орж ирэхэд унтаж байжээ. Мань эр ч 70 настай ээж, хүүгээ аврахаар сандран боссон байна. Гэтэл энэ үеэр эхнэр нь мөн давалгаанд урсаж байгааг харжээ. Тэрбээр эхнэрээ аварч, ээж, хүү хоёроо аврагдчихна хэмээн найджээ. Харамсалтай нь ээж, хүү хоёрынх нь цогцос амиа алдагсдын дундаас олдсон аж.
46 настай индоез эрийн хувьд ээжийгээ юу, эсвэл эхнэрээ, хүүхдээ аврах уу гэдэг хүндхэн сонголтын өмнө тулгарсан нь энэ юм. Цунамийн үеэр байшингийнх нь хана нурж, байшин нь агшин зуурт л усанд автсан аж. Сандарсан эр 70 настай ээж, ойтой хүү хоёрынхоо унтаж байсан өрөө рүү зүтгэсэн боловч замдаа эхнэр нь хүчтэй урсгалд живж байгааг анзаарчээ. Ийнхүү ээж, хүү хоёроо аврагдчихна гэж найдсан эр эхнэрээ аварч, амьд үлдсэн байна. Даанч ээж, хүү хоёрынх нь цогцос байгалийн гамшгийн улмаас амиа алдсан 400 гаруй индонезийн дунд багтжээ.
Тэрбээр “Би ээж, хүү хоёроо аварч чадсангүй. Одоо тэд минь бурхны ивээл дор байгаа л гэж найдах үлдлээ” хэмээн тэрбээр уйлан ярьжээ.
Вей Мулигийн бас нэгэн оршин суугч Сулиствати өдгөө зургаан сартай жирэмсэн. Түүнийг усанд хөвж явахад хөршийнх нь хүн олж хараад аварчээ. “Азаар тэр намайг хараад, гараас минь татаж гаргаж ирсэн. Бид хөршүүдийнхээ хамт уул руу гүйлдсэн. Эргэн тойрон харанхуй, маш аймшигтай байсан. Гэхдээ би жирэмсэн хэрнээ ийм хурдан гүйж чадна гэж огт бодоогүй. Усны түвшин намжтал бид хэдэн цаг хүлээхээс өөр аргагүй болсон” гэжээ.
Ява аралд тосгоны иргэн, 60 настай Самбер Жайя Санда Стрейт эргийн дагуу баригдсан байшингаа харан гаслан байх аж. “Би энэ бүгдийг дахин босгож чадахгүй. Байшин, эд зүйлс, мөнгө гээд бүх зүйл маань үгүй болсон. Би гэртээ 19 сая рупий (1300 доллар) хадгалсан байсан юм. Харин одоо сүмд хоноглож, өдрийн цагаар гэрээс минь юу үлдсэнийг харах гэж ирсэн болсон” гэжээ.
Одоогийн байдлаар аймшигт цунамид амиа алдагсдын тоо 429-д хүрээд байна. Мөн 14000 гаруй хүн гэмтэж бэртэж, 16000 гаруй хүн орох оронгүй болжээ.
Эх сурвалж: Fishki