Олон жил үргэлжилж байгаа, концессын гэрээтэй эмнэлгийн олон барилга бий. Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй барилгууд ч байна.
Тэгвэл ирэх оноос эмнэлгийн зарим царцсан барилгууд эхнээсээ ашиглалтад орж эхлэхээр болжээ. Тухайлбал, 300 ортой төрөх эмнэлгийн барилга 2011 онд эхэлснээсээ хойш долоон жил үргэлжилж байна. Дундуур нь шүүхийн маргаантай асуудал гарсан. Хууль, хяналтын байгууллага шалгасан, гүйцэтгэгч нь солигдсон гэх мэт олон шалтгааны улмаас ашиглалтад орохгүй удаж байгаа. Өнөөдрийн байдлаар үндэсний хөгжлийн газартай “Томобьюлдинг” ХХК концессын гэрээ байгуулан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөрөө барьж ашиглалтад оруулаад 2020 онд төсвөөс санхүүжилтээ авах ёстой. 2020 онд ашиглалтад оруулахаар гэрээ хийсэн боловч 2019 онд дуусгаж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. Төсвөөс 2018, 2019 онд ямар ч санхүүжилт өгөхгүй, гэрээний дагуу 2020 оноос санхүүжилт өгч эхлэх аж.
Мөн Эрүүл мэндийн яамны хариуцаж буй Халдварт өвчин судлалын төвийн хашаанд баригдаж байгаа лабораторийн барилгын асуудал олон жил үргэлжилж байгаа. Тоног төхөөрөмж, барилгаа нэгтгээд нэг гэрээ хийсэн байна.
Яармаг дахь ахмад настнуудад үйлчлэх Герентологийн төв эмнэлгийн барилгын ажил ч олон жил үргэлжилж байна. Түлэнхийн төвийн барилгын асуудал ч бас дуусаагүй. Энэ жил ашиглалтад оруулах байсан боловч хугацаа их алдсан тул ирэх оноос ашиглалтад орох бололтой.
Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, тухайн компани, яам хоорондын асуудал, түүнчлэн хоёр улсын хоорондын олон улсын гэрээ зэрэг нь барилгууд удаашрахад нөлөөлсөн байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын төсвийг үе шаттайгаар хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн зорилт бий. Энэ зорилт улс орны эдийн засаг сайнгүй байгаатай холбоотойгоор хэрэгжих боломжгүй байгааг холбогдох албаныхан тайлбарладаг.
2016 оноос хойш өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсөв 13.6 хувь өссөн. Энэ жилийн өсөлттэй нийлээд 20 орчим хувь ахисан байна.
Ингээд ямартай ч ирэх оноос төрөх эмнэлэг, Түлэнхийн төвийн царцсан барилгууд ашиглалтад орохоор болжээ.
1 comment
edgeer barilaguud delhiin emnelegiin standartad niitssen bh boltugai!!!