Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Монгол Мессенжер” сонин, ИБУИНВУ-ын ЭСЯ, МИАТ компанитай хамтран англи хэлээр зохион бичлэгийн анхдугаар уралдааныг зарлаж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Тус уралдаан нь англи хэл суралцагч хүүхэд залуусын бичих ур чадварыг дээшлүүлэх, эх орноо хэрхэн үнэлж цэгнэдгийг нээн харуулахаас гадна шилдэг зохион бичлэгүүдийг сонин, сэтгүүл, мэдээллийн цахим хуудсаар түгээн Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах, энэ үйлст хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Мессенжер” сониноос анх удаа зохион байгуулсан юм.
Нийслэлийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Монголын үнэт зүйлс” сэдвийн дор зарласан тус уралдаанд Орчлон, Сант, Монгол Оросын хамтарсан сургууль, Гёте, АШУИС-ийн ахлах сургууль, Монголын Англи сургууль, 23 дугаар сургууль, Элит, Ирээдүй цогцолбор, Монгол Тэмүүлэл зэрэг сургуулийн 58 сурагч зохион бичлэгээ ирүүлжээ. Нэг сая төгрөгийн шагналын сантай энэхүү уралдааны тэргүүн байрыг Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч Х.Дашням эзэлж цом, батламж, 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал гардлаа. Дэд байрыг Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн сурагч Ч.Есүй эзэлж 300 мянган төгрөг, гуравдугаар байрт Гёте сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Ганчимэг шалгарч, 200 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртэв.
Шагналыг ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон, МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ Б.Ганчимэг, МОНЦАМЭ агентлагийн Гадаадад мэдээлэх нэгдсэн редакцийн Ерөнхий редактор Л.Батбаяр нар гардууллаа. Тэргүүн байрын шагналт сурагч Х.Дашням хэлэхдээ, “Монголчууд бидэнд үнэ цэнэтэй зүйл олон бий. Эрхэмлэж явдаг үнэ цэнэтэй зүйлсээ бусдад харуулах гэж эссэгээ бичсэн. Би монгол хүн гэдгээрээ бахархдаг. Монголчууд бид бусад улс орны хүмүүсээс маш олон зүйлээрээ ялгардаг. Миний хувьд англи хэлийг 4 дэх жилдээ үзэж байна. Үе тэнгийн найз нөхөддөө хандан хэлэхэд, англи хэлийг ирээдүйд өөртөө хэрэг болно гэж хичээнгүйлэн сурах ёстой. Түүнээс биш тоглоом тоглоод байвал англи хэл сурч чадахгүй шүү” хэмээв. МОНЦАМЭ агентлаг 1991 оноос хойш “Монгол мессенжер” англи хэлээрх сониныг 27 дахь жилдээ эрхлэн гаргаж байна.
“Монгол мессенжер” сонин бол Монгол Улсыг гадаадад сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд гадаад хэлээрх сонинуудыг уншигчидтайгаа холбох эргэх холбоог бий болгох ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд “Монгол мессенжер” сониноо түшиглээд Монгол Улсад англи хэлээр сургалт явуулж буй ЕБС-иудын сурагчдын дунд энэхүү зохион бичлэгийн уралдааныг энэ жилээс эхлүүлж байна. Уралдааныг цаашид жил бүр зохион байгуулах бөгөөд жилээс жилд уралдааны цар хүрээ, оролцогчдын тоо өснө гэдэгт итгэлтэй байна гэж “Монгол мессенжер” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Өөлүүн хэллээ.
Монцамэ агентлаг