АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс Азийн дөрвөн орноор хийх айлчлалаа эхлүүлээд байна. Тэрбээр эхний зогсоол болгож өчигдөр (2017.04.16) Сөүл хотод иржээ. Тэгвэл өнөөдөр (2017.04.17) хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүсэд (DMZ) зочилсон байна.
DMZ буюу цэрэггүй бүс нь дөрвөн километр орчим өргөнтэй, битүү тэсрэх бодисоор дүүргэсэн зурвас бөгөөд энд хоёр талын цэргүүд нүүр тулан харуулд зогсдог юм. Энэ үеэр Пэнс Хойд Солонгосын цөмийн зэвсгийн амбицийг бууруулах хатуу арга хэмжээг Хятадын тал авах шинжтэй байгаад баяртай байгаагаа хэлжээ. Гэвч хэрвээ Хятад шийдэж чадахгүй бол АНУ өөрөө арга хэмжээ авна гэж Трампын хэлснийг давтан мэдэгджээ.
Пэнсийн энэхүү айлчлалын зорилго нь Ази, Номхон далайн бүс дэх холбоотнуудынхаа сэтгэлийг засаж, Трампын засаг захиргаа тэднээс нүүр буруулаагүй гэдгийг батлах ажээ.