Шинэ 2019 он хаалга тогшиж байна. Аж ахуйн нэгж, байгууллага хүн бүр нэг жилийн ажлаа дүгнэн цэгнэж, улс оронд маань ч бас юу болсон билээ хэмээн эргэн харж болов уу. 2018 он монголчуудын хувьд сайн ч, саар ч зүйл тохиосон он болж өнгөрлөө. Гэхдээ тэдэн дундаас онцлоод оны хамгийн тэнэг эндүүрлийг нэрлэж байна.
Үүнд энэ онд болсон жагсаал цуглааны дотроос 11 сарын 14-нд зохион байгуулсан “Нэхүүл” хөдөлгөөний арга хэмжээг нэрлэж болно. Цуглааны өмнөх өдөр Нэхүүл нэртэй энэ шинэ хөдөлгөөнийхөн Төрийн ордонд зочилж, Ерөнхий сайдын өрөөгөөр орж, У.Хүрэлсүхийн илд, сэлэм болохоо андгайлаад гарсан юм.
Гэвч маргааш нь тэд жагсаал хийхээр төв талбай дээр гарч ирэхдээ ЖДҮ-чин гишүүдийн зураг, тэр дундаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын зургийг атгаад гарч ирсэн билээ.
“Нэхүүл”-ийн төлөөлөгчдийн энэ сүржигнэл олны доог тохуу болсон бөгөөд жагсаал цуглаан хийж мэргэшсэн МоАХ-ынхан бүүр ч их дооглосон мэдээ байдаг. Учир нь жагсаал зохион байгуулаад ард нь үлддэг захиалагчид зарим үед нэрэлхээд жагсаал хийх хүмүүстээ санаагаа сайн ойлгуулж чаддаггүй алдаа гаргачихдаг гэнэ.
“Нэхүүл”-ийн жагсаалчид ч анхны жагсаалаа хийхдээ санаагаа сайн ойлгоогүй, ЖДҮ-чдийн зургийг бариад гараад ирсэн юмсанж. Хэвлэлүүд, олон нийтийн сүлжээний идэвхитэй хаягууд “Нэхүүл” гээч малгай дор нэгдсэн залуучууд хэн болохыг төвөггүй гаргаад ирсэн. Тэдний Ерөнхий сайдтай төмөр өргөж, ууланд зугаалдаг зургууд ар араасаа олноороо илэрсэн билээ.
Ингээд хэсэгтээ нам гүм болсон хөдөлгөөнийхөн 12 дугаар сарын 20-нд дахин цуглаан хийхэд тэдний үнэ цэнэ доод түвшиндээ хүртэл буурсан байсан юм. Тэд энэ удаа УИХ-ын дарга М.Энхболдыг огцор хэмээн шаардан жагссан. Хэн болохоо дор нь таниулсан “Нэхүүл”-ийн сүүлийн жагсаалд бараг хүн очоогүй, тойрон төлж байв. Энэ фактууд оны хамгийн тэнэг эндүүрэлд тооцогдож байна.