Монгол Улсад зургаан хүн тутмын нэг нь хорт хавдраар нас барж байгаа бол гурван хүн тутмын нэг нь тархины цус харвалт, зүрхний шигдээсээр амиа алдаж байгаа нь үхлийн шалтгаанд өндөр хувь эзэлж байна. Энэхүү хоёр өвчин нь цусны даралт ихсэлтийн хүндэрсэн хэлбэр.
Өвчлөлийн 70 хувь нь амьдралын буруу хэв маяг, давсны хэт их хэрэглээ, буруу хооллолтоос үүддэг болохыг шинжлэх ухаанаар баталсан. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн халдвар авч бус, цэвэр хувь хүний эрүүл мэнддээ тавих анхаарлаас үүдэж эдгээр өвчинд нэрвэгддэг гэсэн үг.
Манай улсад дээрх төрлийн өвчлөл залуужиж байгааг Улсын гуравдугаар төв эмнэлэг(УГТЭ)-ийн дарга Ц.Төмөр-Очир дурдаад “Манай эмнэлэгт л гэхэд 19 настай хүүхэд тархины цус харвалтаар, 23 настай хүүхэд зүрхний шигдээс болж ирсэн” гэсэн түгшүүртэй баримтыг дуулгав.
Тус эмнэлэгт Монголын Мянганы сорилтын сангийн 1.15 сая ам.долларын санхүүжилт, ДЭМБ-ын дэмжлэгээр “Тархины харвалт ба зүрхний шигдээс” төслийг таван жил хэрэгжүүлсэн үр дүнг өнөөдөр танилцуулсан юм.
Энэхүү төслийн хүрээнд УГТЭ-т буюу улсын хэмжээнд анх удаа цус харвалт, зүрхний шигдээсийн тус бүр 20 ортой эрчимт эмчилгээ болон тусламж үйлчилгээний иж бүрэн тоноглогдсон тасаг нэгж байгуулж, ангиографи, компьютер томографын дэвшилтэт технологиуд нэвтрүүлж, сэргээн засах тусламж үйлчилгээний 120 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангасны дээр эмч, мэргэжилтнүүдийг олон улсын сургалтад хамруулсан нь энэ төрлийн эмчилгээнд томоохон ахиц авчирчээ.
Ийнхүү тархины харвалт, зүрхний шигдээсийн цогц тусламж үйлчилгээ үзүүлж эхэлснээр өнгөрсөн таван жилийн хугацаанд
- 4,158 хүнд тархины харвалтын
- 7,055 хүнд зүрхний шигдээсийн
- 4,435 хүнд зүрх, тархины судсан доогуурх мэс заслын
- 48 хүнд бүлэн хайлуулах эмчилгээ
- 10,414 хүнд зүрх, тархины судсан доогуурх оношилгоо
- 9,990 хүнд тархи, зүрхний компьютер томографын шинжилгээ
- Давхардсан тоогоор 8,375 хүнд харвалт, шигдээсийн эрт үеийн сэргээн засах тусламж үзүүлжээ.
Дээрх хоёр өвчний улмаас 2013 онд 1,970 хүн амиа алдаж байсан бол 2017 онд 1600 хүн нас барж, 370-аар буурсан нь төслийн бас нэгэн үр дүн хэмээн үзэж байна.
Төслийн хамгийн том үр дүн бол Монголд эмчлэгдэх боломжгүй байсан өвчний жагсаалтаас дөрвөн өвчнийг хасуулж, манай эмч нар өөрсдөө эмчлэх боломж бүрджээ. Энэ талаар “Энэ төслийн үр дүнд манай улсын эрүүл мэндийн салбарт тархины харвалт, зүрхний шигдээсийн эмчилгээний үсрэнгүй дэвшил гарсан. Зөвхөн оношилгоо, эмчилгээ ч биш, сувилахуйн мэргэшсэн туламж үйлчилгээ салбарлан хөгжсөн. Оношилгоо, эмчилгээний 30 гаруй шинэ технологи нэвтэрсэн. Энэ бүхний цаана монгол хүн эх орондоо оношлуулан, эмчлүүлэх боломж бүрдэж байгаа.
Тухайлбал, бид энэ төслийн үр дүнд Эрүүл мэндийн сайдын гадаад эмчилгээнд илгээх тушаалын өвчний жагсаалтаас мэдрэлийн мэс заслын гурав, зүрхний мэс заслаас нэг өвчнийг хасуулж чадсан. Цаашид тусламж, үйлчилгээ үзүүлэх нэгжүүдийг олноор нь байгуулах шаардлага байна. Тэгж чадвал энэ хоёр өвчнөөр өвдсөн олон хүнийг аврах боломж байгааг төслийн үр дүн харуулсан. Түүнчлэн үндэсний хэмжээнд эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээ, оношилгооны хөтөлбөр боловсруулах саналыг ЭМЯ-нд дэвшүүлсэн” хэмээн Ц.Төмөр-Очир тодотгосон юм.
Халдварт бус өвчний тархалт дэлхийн хэмжээнд өнгөрсөн 10 жилд 18 хувиар өссөн бол ирэх 10 жилд энэ төрлийн өвчний нас баралт 70 хувиар нэмэгдэх төлөвтэй байгааг ДЭМБ анхааруулжээ.
Эх сурвалж: ikon
1 comment
Emnelegt handsan hun buhniig ymar neg tulbur tootsoo nehehguigeer shuurhai chanartai emchleed surchih.Tegvel uvchlul chini buurna.Huviin surguuli tugssun medleg muutai emch nariig ajilluulahgui baih herehtei.