Жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг 29 амралт сувиллын газарт тав хоног амраана гэсэн саналаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнөөдөр (2018.12.21) хуралдсан Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Үүнд урьдчилсан судалгаагаар 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт /0-5 нас/ хамрагдах байв.
Асуудлыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх байсан ч Засгийн газраас дэмжихгүй гэдэг шийдвэр гаргаад байна. Тиймээс өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасчээ.
2019 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулахад 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаж, энэ хөрөнгөөр сайжруулсан түлшний үйлдвэр барихаас гадна гэр хорооллын 100 мянган айлын янданд утаа шүүгч байрлуулна хэмээн мэдэгдэж байсан юм.
Янданд суурилуулах шүүгч тус бүрийн үнэ 200 ам.доллар байна гэсэн Н.Цэрэнбатын санал үрэлгэн зардалд тооцогдож, олон нийтийн дунд хурц шүүмжлэл дагуулсан. Энэ удаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ч Н.Цэрэнбатаас дутуугүй “сэтгэж” төсвийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь үрэх санал гаргаж мөн л иргэдийн хатуу шүүмжлэлд өртөөд байсан юм.
Энэ хоёр санал аль аль нь ЖДҮ-чин Засгийн газрын сайд нарын төсвийн мөнгийг үр дүнгүй үрэх “мэргэн санаа” байсан гэж иргэд үзэж буйгаа илэрхийлсээр байгаа. Энэ шүүмжлэлээс эмээсэн Засгийн газар салбарын сайдынхаа “онцгой” саналыг хэлэлцэлгүй, тойрон гарч буй бололтой.