Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт байлгахаар төлөвлөж байгаа.
Энэ хүрээнд даатгуулагч эхийг хүүхдийн хамт магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд тав хүртэл хоног үнэ төлбөргүй сувилах юм.
Нийслэлийн агаарын чанарын их болон маш их бохирдолтой /1-4 дүгээр бүс/-д амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой өрхийн 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг хамруулахаар төлөвлөжээ.
Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эх болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт /0-5 нас/ хамрагдахаар байгаа юм байна. Энэ асуудлыг өнөөдрийн (2018.12.21) Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Одоогоор Сангийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамдаас боломжгүй гэдэг саналаа ирүүлээд байгаа аж.
Жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдүүдийг тав хоног цэвэр агаарт амраахад ойролцоогоор найм орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг хэлсэн. Энэхүү хөрөнгийн нэг тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэнийг нь Нийгмийн халамжийн сангаас гаргахаар төлөвлөжээ.