Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Тандалт, урьдчилан сэргийлэлтийн албаны дарга Б.Баатарсүхтэй томуу, томуу төст өвчний асуудлаар ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын халдварт өвчин, тэр дундаа томуу, томуу төст өвчин ямар түвшинд байна вэ. Өнгөрсөн жилийн судалгаатай харьцуулбал, энэ жил өвчлөлийн түвшин ямар хэмжээнд хүрсэн бол?

-Жил бүрийн арванхоёр, нэг, хоёрдугаар сард улирлын томуугийн өвчлөл ихсэж дэгдэлт болдог. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сараас эхлэн эмнэлгийн ачаалал нэмэгдэж, эмнэлгүүд орны зохицуулалтаа хийгээд явж байна. Өнгөрсөн жил амбулаторийн үзлэгийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байсан бол, энэ жил 4.6 орчим хувьтай байна. Өмнөх жилүүдээс харьцангуй бага гэсэн үг. Хэдий тийм ч 0-6 cap хүртэлх насны хүүхдийн өвчлөл ихтэй, уушгины хатгалгаа болж хүндрэх эрсдэлтэй байна.Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ эрүүл мэнд, асаргаа сувилгаа, эмчилгээний дэглэмд онцгой анхаарах хэрэгтэй.

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулахад Нийслэлийн эрүүл мэндийн газраас ямар ажил авч хэрэгжүүлсэн бэ?

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулахын тулд эмч, мэргэжилтнүүдийнхээ хүчин чармайлтаар олон тооны ажил зохион байгуулсан. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд томуу, томуу тест өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах нэгдсэн төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын А/577 дугаар захирамжаар батлуулж, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж ажилласан нь чухал арга хэмжээ байлаа.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үндсэн гол аргуудын нэг бол томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах явдал юм. Тус газраас өнгөрсөн саруудад эрсдэлт бүлгийн 78,900 хүнийг дархлаажуулалтад хамруулсан. Мөн пневмококк буюу уушгины хатгалгааг түгээмэл үүсгэдэг нянгийн эсрэг вакциныг хийсэн. Энэ вакцины нэгдүгээр тунгаар 23,510 хүүхэд буюу 96.1 хувь, хоёрдугаар тунгаар 19,574 буюу 92.6 хувийг хамруулсан.

Харин гурав дахь тунгаар хүн амын өвчлөл ихтэй Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт 12,292 хүн буюу 88.9 хувийг нь дархлаажуулсан. Ингэснээр өмнөх жилүүдийг бодвол, уушгины хатгалгаа багасах хандлагатай байгаа. Манай байгууллагаас мэдээлэл сургалт, сурталчилгааг маш өргөн хүрээтэйгээр зохион байгуулж, хэвлэл мэдээллийн олон сувгийг ашиглан цаг үеийн мэдээлэл болон өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замууд, гэрийн нөхцөлд хийх асаргаа сувилгаа зэрэг чухал зөвлөмжүүдийг иргэдэд хүргэж байна. Иргэдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөх утсыг бүх дүүргийн Эрүүл мэндийн төвд 09:00-22:00 цаг хүртэлх хугацаанд нээлттэй ажиллуулж байгаа.

Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдыг уртасгасан цагаар ажиллуулахаас гадна гэрийн үзлэг эргэлтийг сайжруулсан нь дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах тасгийн ачааллыг бууруулахад багагүй нөлөөлсөн. Хэдий энэ мэт зохицуулалтыг хийж байгаа боловч эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийнхээ биеийн байдлыг анзаарахгүй, эсвэл дур мэдэн антибиотик өгч өвчнийг хүндрүүлсэн хойно ажлын цаг дууссаны дараа эмнэлэгт хандах нь Хүлээн авах тасгийн ачааллыг нэмэгдүүлж байна.

Түүнчлэн дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн хүүхдийн орны ачааллыг бууруулах, орны зохицуулалт хийх, томуу, томуу тест өвчний үед ажиллах эмч, мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх, шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах зэрэг ажлыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулж байна.

-Эмнэлгүүдийн ачааллын талаар янз бүрээр мэдээлэл хүргэж байна. Яг одоо ачаалал хэр түвшинд байна вэ?

-Гурав хоногийн өмнөх байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 68,853 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3,594 тохиолдол оношлогджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар бага байгаа юм. Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 2,239 ор байдаг. Үүний 977 нь хүүхдийн ор. Одоогоор 1,342 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ нь насанд хүрэгчдийн зарим орыг хүүхдийн оронд шилжүүлсэн, мөн тоглоомын өрөө, уламжлалт болон сэргээн засах эмчилгээ гэх мэт өрөөнүүдэд нэмэлтээр ор нэмж эхэлсэн.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн ор зохицуулах нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, нөөц орон зайг ашиглан нэмэгдүүлэх ор 354, хүүхдийн оронд шилжүүлэх насанд хүрэгсдийн ор 496 тус тус байна. Дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласнаар 850 ор нэмж дэлгэх боломжтой юм. Ингэснээр томуугийн ачааллын үед 1,827 ор нэмэгдэнэ гэсэн үг. Энэ жил хүүхдийн үндсэн орны тоог 2017 оныхоос 100-гаар нэмэгдүүлээд байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дэргэд 200 ортой эмнэлэг барьж эхэлсэн.

-Амьсгалын замын халдварт өвчнөөр өвчилсөн хүүхдийн дийлэнх хувийг бага насныхан эзэлдэг. Энэ нь юутай холбоотой вэ?

-Хүүхдийн биеийн бүтэц, үйл ажиллагаа, насны онцлог, дархлаа бүрэн хөгжөөгүйтэй шууд холбоотой юм. Сүүлийн үед залуу ээж нар хүүхдээ хөхүүлэхгүй, эхийн сүү орлуулагч ихээр хэрэглэж байна. Хүүхэд эхээсээ хөхний сүүгээр дамжуулан дархлааны зарим элементийг авдаг. Сүү орлуулагчид ийм зүйл огт байхгүй.

-Бага насны хүүхдийн асаргаа сувилгаа болон эцэг эхчүүдэд зориулсан ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хэд хэдэн зүйл дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй. Манай эмч нар хоёр төрлийн зөвлөмжийг өгдөг. Тухайлбал, томуу, томуу тест өвчнөөс хэрхэн, яаж урьдчилан сэргийлэх вэ. Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн үед ямар тусламж үзүүлэх, эмчлэх, хүндрүүлэхгүй байх вэ гэх мэт. Хамгийн гол нь, хүүхдийг улирлын байдалд нь тохируулж дулаан хувцаслах, илчлэг ихтэй хоол хүнсээр хооллох, аминдэмээр баялаг сүү, цай ундыг халуун бүлээнээр нь уулгах, сайтар амраах, гэрийн нөхцөлд эрүүл ахуйн дэглэмийг зөв сахих, гарыг нь халуун бүлээн савантай усаар тогтмол угаалгах, олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, амны хаалтыг байнга зүүж хэвшүүлэх, өвдсөн үед нь шингэн зүйл их уулгах, гэрт нь тусгаарлан эмчийн зөвлөгөөний дагуу эмчлэх, дур мэдэн эмчлэхгүй байх, ялангуяа антибиотикын хэрэглээнд маш их анхаарах ёстой. Зөвхөн эмчийн заавар зөвлөмж бичиж өгсөн жороор л антибиотик эмчилгээ хийх хэрэгтэй байна.

-Өвчилсөн тохиолдолд дур мэдэн антибиотик хэрэглэх нь ямар сөрөг үр дагаварт хүргэх талаар хэлж өгнө үү?

-Өвчлөлийг хүндрүүлэх, эдгэрэлтийг удаашруулж, эмчилгээг үр дүнгүй болгоход их нөлөөлдөг юм.

-Шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэд бага насны хүүхдэдээ хэрхэн анхаарал тавьж, өвчнөөс урьдчилан сэргийлэх вэ?

-Баяраар хүмүүсийн нягтрал ихсэж, амьсгалын замын цочмог болон хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор томуу, томуу тест өвчин, гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогоор өвдөх тохиолдлууд ихэсдэг. Иймээс иргэд бага насны хүүхдийг аль болох олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, амны хаалтыг тогтмол хэрэглүүлж хэвших хэрэгтэй. Мөн хоол хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авах, сав баглаа, боодлын бүрэн бүтэн байдал, шошгыг нягтлах, хоол хүнсний хадгалалт, ялангуяа өндөг, өндгөн бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглээнд онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхдэд аливаа өвчний шинж тэмдэг буюу халуурах, биеэр тууралт гарах, бөөлжих, суулгах илэрвэл цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: 

By updown

One thought on ““Томуугийн ачааллын үед нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн 1,827 ор нэмэх боломжтой””
  1. БГД дүүргийн Эмэгтэйчүүдийн тасаг нь бага насны хүүхдийн эмнэлэгтэй хамт байна. Хүүхдийн өвчлөл их ор хүрэлцэхгүй байхад томчуудтай холилдуулаад, мөн жирэмсэн эмэгтэйчүүд бүгд ханиадтай хүмүүстэй хамт үзүүлээд яваж байх юм сайд аа

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн