Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.20) нэгдсэн хуралдаан 10 цагт эхлэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс чуулганы нэгдсэн хуралдаан тав дахь удаагаа хойшлогдлоо.
Чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахаар болсон Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан 11 цаг 10 минутад гишүүдийн ирцийн байдлыг танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын 75 гишүүнээс одоогоор гадаад томилолттой 6, орон нутагт ажиллаж байгаа 1, эмнэлгийн чөлөөтэй 1, албан ёсоор чөлөө авсан 1 гишүүн байгаа бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох ёстой 66 гишүүнээс 29 нь чуулганы хуралдааны танхимд хүрэлцэн ирсэн байна.
Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өнгөрсөн 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлосон байгаа. Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх үед хуулийн төслийг өргөн барьсан сайд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж, хэлэлцэж буй асуудлыг орхиж гарснаар асуудал хэлэлцэгдэж чадалгүй өнөөдрийг хүрээд байна. Иймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар энэ асуудалд нухацтай хандаж, холбогдох сайд, Засгийн газрын гишүүдээ чуулганы нэгдсэн хуралдаанд оролцуулах шаардлагатай байгааг сануулав.
Мөн Засгийн газрын гишүүнийг томилох, зарим гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх асуудал гишүүдийн ирц бүрдээгүйгээс тав дахь удаагаа хойшлогдож, хууль зөрчигдөхөд хүрээд байна. Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэлгүй тав дахь удаагаа хойшлогдож байна.
Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн хугацаанд нь хэлэлцэж шийдвэрлэсэн. Гэтэл Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүйгээс Засгийн газрын гишүүн-Зам тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хугацаанд нь хэлэлцэж чадалгүй өдий хүрч, хууль зөрчсөн нөхцөл байдал үүсэж байгаад Байнгын хорооны дарга анхаарах шаардлагатай байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулахаар ирүүлсэн хүсэлтийн дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах асуудлыг хэлэлцэж, Ерөнхий хяналтын сонсгол явуулах тов, сонсгол даргалагчийг сонгох, ажиглагчаар оролцох хүний тоо, сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах байсан ч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар бас хойшилсон.
Гишүүдийн ирц бүрдээгүйгээс болоод өнөөдрийн байдлаар чуулганы 5 удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны 16 удаагийн, дэд хорооны 3 удаагийн хуралдаан хойшлогдоод байгааг хуралдаан даргалагч мэдэгдээд ирцээ бүрдүүлж, хэлэлцэхээр хуваарьт тусгагдсан асуудлуудаа яаралтай хэлэлцэж шийдвэрлэхийг Байнгын, дэд хорооны дарга нар болон Улсын Их Хурал дахь намын бүлгийн дарга нарт анхааруулсан юм.
Хуралдаан даргалагч 11 цаг 30 минутын байдлаар гишүүдийн ирцийг дахин танилцуулаад одоогийн байдлаар чуулганы нэгдсэн хуралдааны танхимд 30 гишүүн ирээд байгаа ч гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа тул өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг хааж буйг мэдэгдлээ.
Тэрбээр, мөн чуулганы өнөөдөр, маргаашийн нэгдсэн хуралдаанаар нийтдээ 18 асуудал хэлэлцэхээр Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр шийдвэрлэсэн. Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Засгийн газрын гишүүнийг томилох, зарим гишүүдийг чөлөөлөх зэрэг дээр дурдсан асуудлуудаас гадна Улсын Их Хурлын гишүүнээс Ерөнхий сайдад хандаж тавьсан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар”, мөн “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар” зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал, иргэд олон нийтийн эрх ашигтай холбоотой асуулгын хариуг сонсохоор хуваарьт тусгагдсан учраас Ерөнхий сайд энэ талаар анхаарч, танхимын гишүүдээ нэгдсэн хуралдаанд оролцуулж гишүүдийн асуулга, асуултад хариу өгөх боломж бүрдүүлэх шаардлагатай байна гэдгийг хэллээ.
Түүнчлэн чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийхээр төлөвлөгдсөн тул намын бүлгүүд ирцээ бүрдүүлж, Ерөнхийлөгч мэдээлэл хийх боломжийг хангах, цаашлаад хэлэлцэх асуудлын хуваарьт тусгагдсан асуудлуудаа шуурхай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байгааг санууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.