“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орох дөхжээ. Нисэх буудлыг ашиглалтад өгөх хугацаа ойртож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай өчигдөр /2018.12.18/ танилцлаа. Шинэ нисэх буудлын барилга, бүтээн байгуулалтын ажил 98.9 хувьтай байна. Улсын комиссын илрүүлсэн 1278 зөрчил дутагдлыг залруулах ажлын явц 93.9 хувьтай биелэгджээ.
Монгол улс Япон улсаас 40 жилийн хугацаатай, жилийн 0.1 хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээлээр энэхүү бүтээн байгуулалтыг хийж байгаа билээ.
- Үндсэн зээл – 49.5 тэрбум иен
- Хугацаа – 43 сар
- Нэмэлт зээл – 5.9 тэрбум иен (Өнгөрсөн оны гуравдугаар сард гэрээнд гарын үсэг зурсан)
Шинэ нисэх буудлын үндсэн барилга нь олон улсын жишигт нийцсэн барилга болсныг албаны хүмүүс энэ үеэр сайшаалаа. Нисэх буудал зургаан хүзүүвчтэй, нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай, цагт 1500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай.
ҮНДСЭН ГЭРЭЭНИЙ ДҮН БОЛОХ 49.5 ТЭРБУМ ИЕН-ЭЭР ЮУ ХИЙСЭН БЭ?
Шинэ нисэх буудал нийт 32 объектоос бүрдэнэ. Нисэх онгоцны шинэ буудал нь олон улсын стандартыг хангасан иж бүрэн цогцолбор бөгөөд том оврын агаарын хөлөг хөөрч, буух хоёр талын оролт, гаралттай зурвас, явгалах зам, перрон, нислэг, хөдөлгөөний удирдлагын байр, зорчигч үйлчилгээний барилга, захиргааны барилга, мөн түүнд холбогдох гүүрэн байгууламж, 825 авто машины зогсоол, 42 мвт-ын хүчин чадалтай дулааны станц, цахилгаан дамжуулах 110 кв-ын өндөр хүчин чадлын шугамын дэд станц, гүний худгийн барилга, бохир ус цэвэрлэх ариутгах татуурга, ус цэвэршүүлэх байгууламж, агаарын хөлөгт үйлчлэх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний барилга, гал унтраах, авран хамгаалах албаны барилга, 200 авто машины болон газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн гараж, ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэх газар доорх гидрант систем, нийт 8000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах сав, үерийн уснаас хамгаалах далан сувгийг тус тус барьж ашиглалтад оруулаад байна.
Түүнчлэн төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хамгийн урт 1.5 км урттай газар доогуурх инженерийн шугам сүлжээний туннелийг барьжээ. Энэ нь цахилгаан холбоо болон дулаан, цэвэр, бохирын усны гэсэн хоёр хонгилтой. Нисэх хөдөлгөөний удирдлагын цамхаг нь 38 м өндөртэй, газар хөдлөлтийн есөн баллд тэсвэртэйгээр баригджээ.
Мөн гал унтраах есдүгээр зэрэглэлийн барилга байгууламжийг бүх тоног төхөөрөмжийн хамт нийлүүлсэн байна. Нийт объектын хамгийн том нь болох терменалын барилга 53726 мкв талбайтай зургаан хүзүүвчтэй, жилдээ 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Төслийн хүрээнд “Монгол Улсын хамгийн анх гэж хэлж болох 75 га талбайд ногоон байгууламж барьсан” гэдгийг Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн нэгжийн захирал Б.Энхбат тодотгосон юм.
Үлдсэн хугацаанд агаарын тээврийн компаниудад зориулсан ангарын барилга барих ажил үлджээ. Ингэхдээ хоёр дахь зээлээс 5 тэрбум орчим иен хэмнэсэн тул энэ мөнгөөр ангар барих ажлыг эхлүүлжээ. Энэ талаар Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн нэгжийн захирал Б.Энхбат хэлэхдээ “Ирэх оны зургадугаар сард ангарыг ашиглалтад оруулна. Барилгын ажил 27 хувийн гүйцэтгэлтэй байна. Ангарт шаардлагатай ган хийцийг БНХАУ-аас худалдан авах тул гаалийн татвараас чөлөөлөх хүсэлтээ тэрбээр Ерөнхий сайдад илэрхийлсэн юм.
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: ИРЭХ ЖИЛИЙН НААДМААР НИСЭХ БУУДАЛ АШИГЛАЛТАД ОРООСОЙ ГЭЖ БИ ХҮСЭЖ БАЙНА
Энэ Засгийн газрын хамгийн чухал ажлын нэг нь шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах. Энэ нисэх буудалд түшиглэн манай улсын аялал жуулчлал хөгжинө. Япон улсын Хоккайдо мужид айлчлах үеэр Монгол руу шууд нислэгтэй болгохыг хүсч байсан. Туркууд манайд нислэгээ нээе гэдэг, Солонгос, Хятадууд нислэгийнхээ тоог нэмье гэдэг ч харамсалтай нь онгоц хүлээн авах хангалттай нисэх буудалгүйн улмаас бид дээрх сайхан боломжуудаа алдсан. Тиймээс шинэ нисэх буудлаа бид яаралтай ашиглалтад оруулах нь чухал. Төслийн хүрээнд хоёр улсын холбогдох албаны бүх хүн нь ирцгээсэн байна. Хамтын бизнес учраас хамтын ашигтай байх ёстой. Мөн харилцан бие биедээ итгэх ёстой. Бизнес бол итгэлцэл дээр тогтдог. Шинэ нисэх буудлыг хэвийн үйл ажиллагаанд оруулахад Японы талын гүйцэтгэх үүрэг асар өндөр.
Олон улсын шинэ нисэх буудал цаашид ашигтай ажиллана. Хоёр талдаа харилцан ашигтай байхаар менежментийн гэрээгээ байгуулах хэрэгтэй. Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахын төлөө Монголын Засгийн газраас бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллана. Сайд нар хариуцсан ажлынхаа чиглэлээр үг хэллээ. Сайдын амнаас гарсан үг бол шийдвэр. Ирэх жилийн долдугаар сарын 11-ний өдөр буюу Үндэсний их баяр наадмаар шинэ нисэх буудал ашиглалтад ороосой гэж би хүсэж байна. Энэ өдөр бол манай ард түмний баярын өдөр. Сэтгэл, итгэл, зүтгэл гурав хамт байхад ямар ч ажил бүтдэг.
МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХАРИУЦСАН ГУРВАН БАРИЛГЫН АЖИЛ
Монголын талын хариуцсан гурван барилга болох Захиргааны барилга, Аэродромын засвар үйлчилгээний барилга болон Ачаа, шуудан тээврийн үйчилгээний барилгын явц одоогийн байдлаар 92.5 хувьтай байна. Захиргааны барилгын хувьд ашиглалтад хэдийнэ оржээ.
“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн монголын талд ногдох 49 хувийг эзэмших “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулахаар Засгийн газраас тогтсон. Шинэ нисэхийн менежментийн гэрээг ирэх оны нэгдүгээр сарын сүүл гэхэд эцэслэн байгуулахаар төлөвлөжээ.
ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭН: “ИНЕГ-ын давсан орлогоос 30 тэрбум төгрөгийг энэ ондоо багтаан Монголын талын 49 хувьд шилжүүлнэ. Он гараад нэгдүгээр улиралд багтаан үлдэгдэл 17.1 сая ам.долларыг ИНЕГ-аас шилжүүлнэ. Катеринг барилгын ажил эхэлчихсэн. Гэрээний дагуу ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. ИНЕГ-ын Ашиглалтын өмнөх захиргааны алба 2016 оны сүүлээр байгуулагдсан. 2017 оны нэгдүгээр сард Улсын комисс ажиллаад 1278 зөрчлийг илрүүлсэн. Үүнээс одоогийн байдлаар 1209 зөрчлийг нь арилгаад байна. Монгол Улсад шилжүүлэх явцад нийт 720 дутагдал дахин илэрсэн. Энэ нь ашиглалтын явцад гарсан алдаа байсан. Үүнээс 64 зөрчил үлдсэн. Бусдыг нь арилгасан. Зөрчил дутагдлууд нислэгийн үйл ажиллагаа явуулахад саад болохгүй зөрчил гэдгийг тодотгон хэлмээр байна. Шинэ нисэх буудалд онгоц хөөрч, буух үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон. Шалгалтын нислэг хийгдсэн. Холбогдох бүх тоног төхөөрөмжүүд нь хангагдсан” гэлээ.
Шинэ нисэх онгоны буудлыг ашиглалтад оруулахад тулгамдаж байгаа асуудлыг судалж шийдвэрлүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн аравдугаар сард байгуулагдсан. Нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахад нийтдээ 36 ажил дутуу байна гэж ажлын хэсэг үзжээ. Эдгээр ажлууд гурван сарын хугацаанд хийгдэж дуусна гэдгийг ЗТХ-ийн сайд Я.Содбаатар тодотгов. Түүнчлэн төслийг ашиглалтад оруулахын тулд яам хоорондын нэн яаралтай шийдэх найман асуудал байгаа гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд учирлалаа. Тухайлбал, хоёрдогч цахилгааны эх үүсвэрийн асуудал, газар олголтын асуудал, мөн агаарын хөлгийн засвар байгууламж барихад шаардлагатай нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбарын сайд нарыг хариуцсан ажлаа түргэн шийдэхийг үүрэгдэв.
САЙД НАР ӨӨРСДИЙН САЛБАРТАЙ НЬ ХОЛБООТОЙ АЖЛЫН ЯВЦЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛАВ
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР: Нисэх онгоцны буудалтай холбоотой санхүүжилтийн асуудалд саад бэрхшээл тулгарахгүй. Шинэ нисэх онгоцны буудлыг 2019 оны эхний хагас жилээс ашиглаж эхлэх учиртай. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, аялал жуулчлал, ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх, шинээр авиа компани оруулж ирэх, иргэний агаарын тээврийг либералчлах зэрэг олон зүйлд шинэ нисэх онгоцны буудал чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс Монгол Улсын 2019 оны төсөвт үүнд зарцуулагдах бүх хөрөнгийг тусгасан. Иргэний нисэхийн ерөнхий газар ч өөрийн орлоготой уялдуулан бүх хөрөнгийг тусгаад байна. Мөн ирэх оны төсөвт салбарын сайд бүрт хуваарилдаг байсан гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсвийн хөрөнгийг Сангийн сайдын багцад оруулсан учир энэ нисэх онгоцны буудалтай холбоотой санхүүжилтийн асуудалд ямар нэгэн саад бэрхшээл тулгарахгүй. Сангийн яамны зүгээс бүх ажлыг дэмжин ажиллаж байгаа.
БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ: Монгол Улс анх удаа жилд гурван сая жуулчин хүлээж авна. Монгол Улсын эдийн засгийн тулгуур нь аялал жуулчлалын салбар байх ёстой. Үүний бааз суурь нь агаарын тээвэр. Монгол Улс анх удаа жилд гурван сая жуулчин хүлээж авах хүчин чадалтай нисэх онгоцны буудлыг ирэх онд ашиглалтад оруулах гэж байгаатай холбогдуулан аялал жуулчлалын салбарт орох орлого нэмэгдэнэ. Үүнийг дагаж аялал жуулчлалын салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бий болж байгаа юм. Манай салбар нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад хийх ажлын хүрээнд туплерийн радарын шинэчлэл, дагалдах хэрэгслийн 5.3 тэрбум төгрөгийн асуудал, мөн шинэ нисэх буудалд Цаг уурын автомат станц суурилуулах 643.5 сая төгрөг буюу нийт 5.9 сая төгрөгийн санхүүжилтийг Сангийн сайдтай ярьж, бусад зээл тусламжид хамруулан мэргэжлийн байгууллагыг ажиллах боломжоор хангахаар ажиллаж байна.
БХБ-ЫН САЙД Х.БАДЕЛХАН: Шинэ нисэх буудлыг дагасан “аэро сити” хот байгуулна. Шинэ нисэх буудлыг дагасан томоохон “Аэро сити” хот байгуулна. “Аэро сити” хотын ерөнхий төлөвлөгөөг батлаад мөрдөж байна. Харин Засгийн газраас тус ерөнхий төлөвлөгөөг өргөтгөх шийдвэр гаргасан. Үүний дагуу холбогдох яам, Тамгын газартай хамтран дагуул хотын тодотгосон ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. Одоо яамдаас санал авч байгаа бөгөөд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулж, батлуулна. Үүний дараа ТЭЗҮ-г БНСУ-ын хөрөнгө оруулалтаар хийхээр тохиролцсон. Энэ хотод 34 мянган хүн амьдрах хотын ерөнхий төлөвлөгөөг гаргасан. Дагуул хотыг байгуулах 12 мянган га газрыг тусгай хэрэгцээнд авахад 3.8 мянган га газрын асуудал үүсч байгаа. Тодруулбал, 114 аж ахуйн нэгж, байгууллагын газар үүнд багтсан. Тиймээс эдгээр газрыг чөлөөлөх талд Төв аймгийн Засаг даргатай хамтарч ажиллаж байна. Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхэд энэ газрын асуудал ямар нэгэн саад учруулахгүй.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН: Онцгой объектыг эрчим хүчээр хангаж байсан туршлага бидэнд байхгүй. Эрчим хүчний хангамжтай холбоотой хоёр асуудал бий. Хоёр дахь эх үүсвэр буюу Сонгино дэд станцаас шинэ нисэх буудлыг эрчим хүчээр холбох асуудал бий. Үүнийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Дараагийнх нь шинэ нисэх буудлын дэд станцад сэргээгдэх эрчим хүч буюу нарны цахилгаан станцуудыг холбох асуудал байна. Нисэх буудал гэдэг онцгой объектыг эрчим хүчээр хангаж байсан туршлага бидэнд байхгүй. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч байгалиас хамааралтай. Цаг агаараас хамааралтай хүчдэлийн тодорхой хэлбэлзэл үүсэх эрсдэл бий. Тиймээс хоёр нарны дэд станцыг холболгүйгээр хүлээж байна. Энэ хоёр дэд станцыг холбовол нисэх онгоцны буудлыг зөвхөн өдрийн цагаар сэргээгдэх эрчим хүчээр хангах нөхцөл үүснэ. Тиймээс бид мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж, техникийн нөхцөлийг олгоогүй байгаа юм.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Я.СОДБААТАР: Хариуцсан ажлаа цаг тухайд нь улсын комисст хүлээлгэн өгнө. Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой дөрвөн асуудал бий. Улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа Аэродромын засвар үйлчилгээний барилгын ажил 87.3 хувийн гүйцэтгэлтэй, ачаа, шуудан үйлчилгээний барилга 89.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээрийг цаг тухайд нь улсын комисст хүлээлгэн өгнө. 32.2 км урт, зургаан эгнээтэй хурдны авто замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Гэрээгээр ирэх оны долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар байгаа ч бид зургадугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгөхөөр төлөвлөн шахаж ажиллаж байна. Түүнчлэн шинэ нисэх онгоцны буудлыг Японы талтай 51, 49 хувиар консорциум байгуулж, менежментээр явуулахаар гэрээ байгуулахаар ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ П.БАЯРХҮҮ: Шаардагдах хөрөнгийг төсөвт суулгасан. Төслийн хүрээнд нийслэлтэй холбоотой хоёр ажил бий. Нийслэлээс 600 сая төгрөг гаргаж “Аэро сити” хотын ерөнхий төлөвлөгөөг хийж хүлээлгэн өгсөн. Хоёрдахь асуудал нь эрчим хүчний асуудал. Хоёр дэд станц суурилуулах 1 тэрбум 186 сая төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт суулгасан.
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Б.БАЯРСАЙХАН: Шинэ нисэх онгоцны буудал барих төслийн хүрээнд Катеринг, шатахуун хангамжийн барилга байгууламжийг концессын гэрээгээр хийж гүйцэтгэж байгаа. Концессын гэрээг байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг ЗТХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж байгаа. Ирэх оны нэгдүгээр сард багтаан концессын гэрээг хийхээр төлөвлөж байна.
ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.БАТЖАРГАЛ: Засгийн газрын шийдвэрээр тусгай хэрэгцээнд 12 мянган га газрыг авсны дотор 114 нэгж талбар давхцалтай. Одоогийн байдлаар 92 нэгж талбарыг чөлөөлчихсөн. 22 нэгж талбарын 16-д нь обьект барьчихсан байгаа юм. Мөн дөрвөн нэгж талбар гурван шатны шүүхээр эзэмшигчдийнх нь асуудал шийдэгдсэн. Үүнийг хэрхэхээ орон нутгийн түвшинд шийдэж чадахгүй байгаа. Хоёр нэгж талбар нь шүүхийн шатанд яваа.
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД М.ТАКАОКА: МОНГОЛЫН ТАЛ ТУСГАЙЛАН АНХААРЧ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ
Хоёр улсын Ерөнхий сайд нарын айлчлалын хүрээнд бидний харилцаа шинэ түвшинд хүрэх боломж бүрдлээ. Айлчлалын үеэр хамгийн их анхаарал татсан асуудлын нэг нь Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал байлаа. Шинэ нисэхийн менежментийн гэрээг ирэх оны нэгдүгээр сарын сүүл гэхэд эцэслэн байгуулна. Шинэ нисэхийн менежментийг явуулахад Монголын талын холбогдох газрынхан идэвх санаачилгатай ажиллахыг хүсье. Шинэ нисэхийн 40 орчим байгууламж ашиглалтад орно. Олон улсын стандартад нийцсэн нисэх буудал болсон учраас бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд менежментийн гэрээ маш чухал. Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад аюулгүй байдал маш чухал. Аюулгүй байдлын асуудлыг сайн хангавал цаашид найдвартай үйл ажиллагаа явуулах юм.
Менежментийг авч явахад хоёр улсын хамтарсан тусгай зориулалтын компани байгуулагдах ёстой. Ингэхдээ хоёр талаас хөрөнгийг гаргаж үйл ажиллагааг нь авч явах учраас Монгол талаас гаргах хөрөнгийг шийдэж, шинэ нисэхийн менежментийг явуулахад нягт хамтран ажиллах хэрэгтэй. Шинэ нисэхийг ашиглалтад оруулахаас өмнө халуун хоолны үйлчилгээ, мэргэжлийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх, мөн боловсон хүчнийг бэлдэх шаардлагатай учир Монголын тал тусгайлан анхаарч ажиллах шаардлагатай байна. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хувь нэмрээ оруулах юм.
Шинэ нисэх буудлын ашгийн 51 хувийг Японы тал, 49 хувийг Монголын тал хүртэнэ. Эхний 15 жилийн хугацаанд шинэ нисэх буудлын ашгаас концессын төлбөрөө төлж улмаар үлдсэн цэвэр ашгаас хоёр тал хүртэх юм. 15 жилийн дараа шинэ нисэх онгоцны буудал 100 хувь Монголын талд шилжих юм.
Шинэ нисэх буудал ашиглалтад орох хүртэл “Чингис хаан” олон улсын хуучин нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, цаашид нисэхийн үйл ажиллагааны чиглэлээр нь ажиллуулах Засгийн газрын чиглэл гарчээ.
Эх сурвалж: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
1 comment
бас л өр тавьж хийсэн байхдаа