Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12 дугаар сарын 10-нд Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод ирүүлсэн билээ. Ерөнхийлөгч уг албан бичигтээ, эрүүл, аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэр гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан боловч бодит үр дүн, ахиц дэвшил мэдрэгддэггүй, гамшгийн нөхцөл байдал хэвээрээ, хор уршиг, хохирол нь улам нэмэгдэж, дордсоор байгаа бөгөөд үүнийг утаа, гамшгаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээд, тэдгээрийг дэмжин өөгшүүлдэг төрийн байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаатай шууд холбон дүгнэж болохоор байгааг дурдсан.
Иймээс Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг болон 8.2.1 дэх заалтыг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан юм.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн хүсэлттэй танилцаад 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн хариу бичигтээ, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол явуулахыг дэмжиж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсгол хийх тов тогтоох болон зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болохыг уламжилсан байна.
Энэ үндсэн дээр Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд Ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулахаар заасны дагуу өнөөдөр хуралдах Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах асуудлыг хэлэлцэж, Ерөнхий хяналтын сонсгол явуулах тов, сонсгол даргалагчийг сонгох, ажиглагчаар оролцох хүний тоо, сонсгол зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Энэ удаагийн Ерөнхий хяналтын сонсгол нь 2015 онд Нийтийн сонсголын тухай хууль батлагдсанаас хойш анх удаа хуулийн дагуу зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд уг хуулиар Улсын Их Хурлаас зохион байгуулах нийтийн сонсголыг тухайн асуудлыг эрхэлсэн Байнгын хороо хариуцан зохион байгуулахаар заасан байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс