Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.12.18/ хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсов. Мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хийлээ. Монгол Улс сүүлийн гурван жилийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн чиглэлээр хууль эрх зүйн орчныг шинэчлэх, энэ чиглэлээр хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох, хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхэд ихээхэн ахиц дэвшил гаргаж ажилласныг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцлов.
2018 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн 5 дугаар зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг боловсруулан, Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлан, хэрэгжүүлжээ. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч 2018 онд Ерөнхийлөгчийн Тамгын газраас хоёр удаа, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гурван удаагийн хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 02 дугаар тогтоолоо гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрлөх эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар үүрэг чиглэл өгч ажилласан нь томоохон дэмжлэг болсныг тэрбээр дурдсан.
Мөн Монгол Улсын Засгийн газраас Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот албан даалгавар гаргаж, бүх шатны Засаг дарга, яам, агентлаг, төр, хувийн хэвшлийн байгууллагуудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хариуцлагатай ажиллахыг даалгасан байна. Хүүхдийн эрхийг хамгаалахад салбар дундын зохицуулалт сайжирч байгаа ч анхан шатны нэгжид гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах хүний нөөц дутмаг төдийгүй шинээр батлагдсан хуулиудын хэрэгжилттэй холбоотой сум, хорооны нийгмийн ажилтны ажлын ачаалал их болж, хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд хүндрэл үүсч байгааг Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэлдээ дурдсан.
Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчин сайжирч байгаа хэдий ч улс орны хэмжээнд тулгамдсан асуудлууд цөөнгүй байна. Гэр бүлийн тогтвортой байдал, эцэг эхийн үүрэг, хариуцлагыг сайжруулах, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд анхаарах зайлшгүй шаардлага тулгараад байна гээд энэхүү асуудлыг шийдвэрлэж, хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүр, байгууллага, аж ахуйн нэгж бүрийн оролцоог хангах зорилгоор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” 03 дугаар тогтоолоор “Хүүхэд хамгааллын жишиг бодлого”, “Эцэг эхийн зөвлөлийн ажиллах зөвлөмж”-ийг батлуулсан гэдгийг тэмдэглэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд хуулийн төсөлд гэр бүлийн тогтвортой амьдралыг дэмжих, гэр бүлийн үнэ цэнийг дээшлүүлэх, гэр бүлийн боловсролыг бага наснаас нь олгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих шинэ төрлийн үйлчилгээнүүдийг хөгжүүлэх, гэр бүлийн харилцаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалж хүүхдийн тэтгэлэг бүрэн төлөгдөх механизмыг бүрдүүлэх, хүүхдийн өмчлөлийн эрхийг хуульчлах, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг тусгажээ. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт үед илрүүлэх, таслан зогсоох, нөхөн сэргээх үйлчилгээнд хохирогч бүрийг хамруулах, тохиолдол бүрт үзүүлэх илрүүлэлт, нөхцөл байдлын үнэлгээ, тусгай хамгаалалт, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээг санхүүжүүлж, хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төслийг санхүүжүүлэх, хүүхдийн бие бялдар, оюун санаа, нийгэмшихүй, амьдрах ухаан, бие даах чадварыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөжээ.
Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн үндсэн зарчмын хүрээнд гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын үйлчилгээг дэмжиж, төрийн зайлшгүй асрамж, халамж шаардлагатай хүүхдийг төвлөрсөн асрамжийн газар, тусгайлсан төвд бус гэр бүл, түүнтэй дүйцэх орчинд, төрөл садны болон асралт гэр бүлд өсгөн хүмүүжүүлэх бодлого баримталж, тус үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэлээ. Монгол Улс Хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэслэх дэлхийн түншлэлд нэгдсэн бөгөөд түншлэлийн хүрээнд 2019 онд хүүхэд хамгааллын INSPIRE багцыг нэвтрүүлэх, цахим орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг “WE PROTECT” загварын дагуу эрчимжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Мөн Олон улсын байгууллагууд, гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг барьж буй аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан сургалт, хөгжлийн арга хэмжээг зохион байгуулахаас гадна 250 хүүхэд хэвтэн эмчлүүлэх, 250 хүүхдэд өдрөөр сэргээн засах үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай тус төвийг 2019 онд ашиглалтанд оруулах аж. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийг шинээр барьж 2018-2020 онд НҮБ-ын Хүн амын сан, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Жендэрт суурилсан хүчирхийллийг устгах төслийн хүрээнд 12 аймаг, 5 дүүрэгт хохирогчийг хамгаалах Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрыг хамтран байгуулах хөрөнгө оруулалтууд хийгдэх юм байна.
2019 онд хүүхдийн асуудалд онцгой анхаарал хандуулж, салбар дундын бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоогоо улам сайжруулан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төсвийн үр ашигт байдалд онцгой анхаарч ажиллана хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэн ажилтнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байх явцдаа эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийн талаар олж мэдвэл 108 дугаартай утсанд мэдээлж, нууцлалыг хамгаалах үйлчилгээг үзүүлж ажиллаж байгаа хэмээн Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээллийнхээ эхэнд хэлсэн.
Түүнчлэн хууль заасны дагуу эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж буйг тэрбээр дурдаад, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийг түшиглэн хүчирхийллийн хохирогчдод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээг байгуулан ажиллаж байгаа гэлээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар Хүүхэд хамгааллын чиглэлээр гарсан хууль тогтоолтой холбогдуулан салбар яамны зүгээс баримтлах журам, дүрмүүд бүгд батлагдан мөрдөгдөж байгаа гэсэн мэдээлэл өгсөн.
Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал, боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүчирхийллээс сэргийлэх журам, Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд суурь боловсролын үйлчилгээг тасралтгүй хүргэх журам батлагджээ. Амьдрах ухаан, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулна гэж Засгийн газрын хөтөлбөрт заагдсан ажил, зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдлээс өөрийгөө хамгаалах, мэдлэг харилцааны ур чадвар олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөр стандартад тусгах ажил, бүх шатны боловсролын багш, нийгмийн ажилтан бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн сэтгэл санаа, зан үйлд гарч буй сөрөг нөлөөлөл хүчирхийлэлтэй холбоотой эсэхийг шалгах ажил, сурагч хүүхдүүдэд гар утас цахим хэрэгсэл, сүлжээг зохистой хэрэглэх журам боловсруулах ажил хийгдээд буйг Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэлдээ дурдсан.
Эдгээр ажлууд багш, нийгмийн ажилтнуудыг Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд сургах замаар хийгдэж байгааг тэрбээр онцолсон. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, М.Билэгт, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар баталсан юм. Уг тогтоолоор төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд ажилтныг хууль тогтоомжид зааснаас илүү цагаар ажиллуулахгүй байх нөхцөл боломжоор хангах, ажилтан, ажиллагсдад гэр бүл, үр хүүхэддээ зарцуулах цагийг олгодог байх, хүүхдийн сургууль, цэцэрлэг, дотуур байр, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцын болон гэр хороолын орчин дахь гадаад, дотоод орчны аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх, орчны нэгдсэн стандартыг баталж мөрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ.
Түүнчлэн хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөөтэй зураг, кино, дүрс бичлэг болон мэдээ, мэдээлэл, контентыг хянах, хаах зохицуулалтыг хууль эрх зүй, технологийн түвшинд боловсронгуй болгох, архи, тамхи, согтууруулах ундаагаар үйлчилдэг болон худалдан борлуулдаг цэгүүдийг сургуулийн ойр орчинд ажиллуулахгүй байх, хүүхдийн хоол, хүнсний хангамжийн эрүүл ахуй, аюулгүй айдлыг хангах талаар холбогдох байгууллагуудын хяналтыг сайжруулах асуудлыг тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.