ОХУ-ын батлан хамгаалах яам Японтой маргаантай байдаг дөрвөн арлын хоёр арал дээр ирэх долоо хоногоос цэргүүдээ байрлуулахаар төлөвлөж байгаагаа өчигдөр (2018.12.18) зарлажээ.
2018 оны долдугаар сард Токиогийн эрх баригчид маргаантай байгаа арлууд дээрх цэрэг армийн үйл ажиллагаагаа багасгахыг шаардаж байсан ч Оросын тал тодорхой хариу өгөөгүй гэдэг.
Оросууд өмнөд Курилын арлууд, Японы тал Умард газар нутаг гэж нэрлэдэг дөрвөн арлыг дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн цэрэг эзэлж, хяналтаа тогтоосон байдаг. Улмаар дайныг дуусгах энхийн гэрээ байгуулбал Японд хоёр арлыг нь шилжүүлж өгөх нөхцлийг талууд тухайн үед тохиролцсон боловч өдгөөг хүртэл биеллээ олоогүй аж.
Кремлийн албаныхны мэдэгдсэнээр Японы ерөнхий сайд Шинзо Абэ ирэх оны нэгдүгээр сарын 21-ний өдөр ОХУ-д айлчилна. Айлчлалын үеэр газар нутгийн маргаан, дэлхийн хоёрдугаар дайны энхийн гэрээ зэрэг асуудлын хүрээнд яриа хэлэлцээр хийх бололтой.
Маргаантай байгаа арлуудын талаар Японы ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар олон удаа уулзсан ч нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Учир нь оросын тал тус арлууд дээр АНУ-ын цэргийн бааз байгуулагдахаас болгоомжилдог аж.
Итуруп, Кунашир арлууд дээр одоогоор нийт дөрвөн хуаран шинээр байгуулсан бөгөөд энэ сарын 25-нд цэргийн алба хаагчдыг гэр бүлийн хамт шинэ байгууламжуудад шилжүүлж байрлуулахаар төлөвлөжээ. Мөн байлдааны хуягтад зориулсан байгууламжийг ч нэмж байгуулах юм байна.
1 comment
Mash. Zov. Shiidver. baina .huvhai. Samuurainuud. zevuun. Ameriktaa. nair. taviad. l .ogchih .ni. shuu see.Auguu. Orosuud. hezee. ch. ogch. bolohgui