Дэлхийн хүрээлэн буй орчныг хамгаалах хамгийн анхны өдрийг 1970-аад онд тэмдэглэсэн бөгөөд 20 сая хүн оролцож байсан аж. Үүнээс хойш үйл ажиллагаа өргөжсөөр энэ өдрийг дэлхийн 192 орны нэг тэрбум гаруй хүн тэмдэглэдэг болсон байна.
Ирээдүй хойч үедээ цэвэр агаар, сайхан байгаль үлдээх ажлыг хэн ч эхлүүлж болно. Энд хөрөнгө мөнгө шаардахаас илүү сэтгэл зүрх л шаардагддана. Хүрээлэн буй орчин цэвэр цэмцгэр байхыг та хүсдэг, танд хойч үедээ цэвэр агаар, сайхан байгаль үлдээе гэж боддог л бол бодлоо ажил хэрэг болгож чадна гэсэн үг юм.
Энд хүрээлэн байгаа орчин, байгаль орчныг хамгаалах талаар дэлхий даяар хэрэгжүүлдэг 10 энгийн арга замын тухай дурдсан байгаа. Аль боломжтойг нь сонгож, энэ үйлсэд хувь нэмрээ оруулаарай.
Нэг: Орон нутгийн парк, сургууль, хотын захиргаа, сүм хийд, иргэний нийгмийн бүлгүүд бол ажлын том хүч юм. Тэдэндтэй уулзаж ярилцсанаар нэг сар, нэг жилийн тодорхой өдрүүдийг хүрээлэн байгаа орчныг хамгаалах аян хэрэгжүүлэх өдөр болгон зарлаж, ойр хавийн фарк, гудамж талбай, алслагдсан газрын мөхөж мэдэхээр болсон ойг хамгаалах, цэвэрлэгээ хийх гэх мэт ажлуудыг зохион байгуулж болно.
Хоёр: Нэгэнт ойн асуудал хөндсөн учраас орчин тойрноо ойжуулах ажлыг дэмж. Өөрийн байр, хашаандаа ч мод тарьж болно. Мод тарьж, ургуулж туршлагажсан бол туршлагаа орчин тойрныхонтойгоо хуваалц.
Гурав: Хог хаягдлаас хуванцар, металл, шил, хуучин электрон хэрэгслийг тусгайлан авч цуглуулаад хаягдал авдаг, дахин боловсруулдаг газар хүргэж өгч хэвшээрэй. Энэ нь нэг талаар мөнгө, нөгөө талдаа та өөрийн хэрэглээний хог хаягдлаа байгаль орчны бохирдолд нэмэрлэхээ байна гэсэн үг юм.
Дөрөв: Хүрээлэн байгаа орчныг хамгаалах олон улсын байгууллага жил бүр 100 гаруй мянган далайн амьтад, нэг сая шувуу пластикаар амьсгал боогдож, амь насаа алдаж үхдэг хэмээн мэдээлсэн байгаа. Тиймээс өдөр тутмын амьдралынхаа хэрэгцээнд эд зүйл худалдан авахдаа дэлхий нийтээр татгалзаад байгаа хуванцар савыг аль болох авахгүй байхыг хичээ. Үүний оронд удаан хэрэглэж болох, хүний биед тустай талыг сонгосон худалдан авалт хийгээрэй.
Тав: Ойролцоох байр орон сууц, сургууль, гудамж талбайг сайн дураараа цэвэрлэж байгаа, хичээнгүй хүмүүстэй танилц. Таны хөршүүд ч байр орчноо цэвэрлэх дуртай байж мэднэ шүү. Тэдэндтэй нэгдэж хог хягдалаа цэвэрлэж, мод, цэцэг, мод тарьж болно.
Зургаа: Аль болохоор модыг хэмнэж, модон эд эдлэл худалдан авдаг зуршлаасаа татгалзаж ч болно. Энэ нь амьд байгальд оруулж байгаа таны том хувь нэмэр байх болно.
Долоо: Ойролцоох албан газрууд, цэцэрлэг, сургууль, автобусны зогсоол, зам талбай зэрэг хүний хөдөлгөөн ихтэй, хог хаягдал ихээр гардаг газруудад хогийн сав байдаг эсэхийг сайн харж ав. Байхгүй бол холбогдох газруудад мэдэгдэж хогийн сав байрлуулахыг санал болго. Ойрын хүмүүстээ ч хог хаягдлаа зориулалтын цэгт хаяж байхыг зөвлө. Та өнөөдөр нэг хүнд зөвлөнө. Маргааш тэр өөр хүнд зөвлөнө. Түүний маргааш дахин нэг хүн өөр хэн нэгэнд зөвлөнө. Энэ холбоосоос байгаль орчныг хамгаалсан сэтгэлийн үр дүн гарахдаа л гарна.
Найм: Орон нутгийн фермерүүдээс хүнсний ногооны бүтээгдэхүүний байнга худалдан авч сур. Энэ нь хөдөө явж хүнсээ цуглуул гэсэн үг биш. Тогтмол үйлчилгээтэй худалдааны цэг, аль нэг захын худаалчдаас авдаг бол чанартай бүтээгдэхүүн зардаг нэг хүнээс тогтмол худалдан авалт хий гэсэн үг. Таны энэ санхүүгийн дэмжлэг хөдөө орон нутагт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа фирмерт том дэмжлэг болно. Фирмер байгалийн нөөцийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ, тарьц, суулгац хийдэг талбай, амьд байгалийг хэрхэн онгон дагшин хэвээр нь хадгалах вэ, энэ жилд талбайнхаа, хүнсний бүтээгдэхүүний юуг илүү анхаарах вэ хэмээн байнга бодож явдаг гэдгийг битгий мартаарай.
Ес: Нийтийн тээврийн хэрэгсэл, алба амины машин ажил хэрэг шуурхай амжуулахад дөхөм болдог ч боломжтой үед явган явж, унадаг дугуй унаж, агаарын бохирдлыг багасгахад хувь хүний нэмэр хандивыг өргөж байгаарай. Бас ашиглаахүй үедээ гэрэл, чийдэн, цахилгаан хэрэгсэл, утас, нөөтбүк зэрэг цэнэглэгч хэрэгсэлтэй эд зүйлээ байнга унтрааж хэвшээрэй.
Арав: Агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, амьд байгалийг сэргээх, хүрээлэн байгаа орчныг сайжруулах бодлого барьдаг орон орны төлөөлөгчидтэй ч нэгдэж болно. Эндээс шинэ шинэ санаа олох боломжтой.