УИХ дахь намын бүлгүүд хуваарийн дагуу өнөөдөр хуралдах ёстой. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэн баасан гаригт “Бид дотооддоо ойлголцохоор ажиллаж байна” гэж мэдэгдсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд бүлэг, байнгын хороо, чуулганаа хуралдуулж чадаагүй МАН энэ долоо хоногт ирцээ бүрдүүлэх эсэх нь өнөөдөр ч эргэлзээтэй байна. Учир нь МАН-ын бүлэг дотроо хуваагдсан хоёр тал тус бүр дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, хоёр ч удаа уулзсан боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүй байгаа гэнэ билээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшилсон. УИХ-ын Байнгын хорооны 14 удаагийн хуралдаан, Дэд хорооны хоёр удаагийн хуралдаан мөн ийм шалтгаанаар хойшилсон байна.
Монгол Улсын Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх үед ч хуулийн төслийг өргөн барьсан сайд нь хэлэлцэж буй асуудлыг хаяж гарснаар асуудал хэлэлцэгдэж чадалгүй хойшилсоор байгаа.
Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудал мөн л хэлэлцэгдэлгүй дөрвөн хуралдаан дамналаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуульд заасан хугацаанд хэлэлцсэн. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайдын асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэлгүй өдийг хүрлээ. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сантай холбоотой алдаа завхралыг засах асуудлыг шийдэх ёстой УИХ-ын Түр хороо байгуулах асуудлыг ч шийдэж чадахгүй өнөөдрийг хүрээд байна.
Улс орны нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч буй энэ үед төр засгийн ажлыг гацаасан нам доторх талцалд олон нийт нэлээд бухимдаж байгаа хэдий ч түшээд байр сууриндаа баттай зогсож, хэн хэндээ буулт хийхийг хүсэхгүй байгаагаас харахад энэ асуудал он дамнаж мэдэхээр байгаа юм. Ямартай ч өнөөдөр МАН-ын бүлэг хурлаа зарлаад байна. Улс оронд тулгамдсан асуудал тэдний албан тушаалын асуудлаас ч чухал гэдгийг хэзээ ухамсарлахыг хэлж мэдэх хүн алга. Хэн нь хуулийн дагуу алхахыг л харахаас өөр гарц бидэнд байхгүй.