Канадын Коломбо мужийн дээд шүүх Хятадын Хуавэй компанийн санхүү хариуцсан захирал хатагтай Мэн Ваньжөүг орон нутгийн цагаар энэ сарын 11-нд хуралдаж батлан даалтад гаргажээ. Батлан даалтад 10 сая канад доллар төлж, орон сууц, бэлэн мөнгө барьцаанд тавин, таван хүн батлан дааж авсан аж.
Канадын хэвлэлийн мэдээлснээр, АНУ ирэх оны нэгдүгээр сарын 8-наас өмнө шилжүүлэн татах өргөдөл өгч болох ба ирэх оны хоёрдугаар сарын 6-нд Мэн Ваньжөү дахин шүүхэд очиж, шилжүүлэх асуудлаар шүүлгэх юм байна. Хэрэв шилжүүлэх асуудал амжилттай болбол тэрээр 30 жилийн хорих ял сонсох юм.
Хуавэй компани 2008 онд Канадын зах зээлд хөл тавьсан байна. Канадын хэвлэлд мэдээлснээр, Хуавэй компани Оттава, Торонто, Ватерлоо зэрэг газарт судалгааны байгууллага байгуулж, Канадад 500 хүнийг ажлын байраар хангажээ. Хуавэй компани мөн Канадын хамгийн их үзэгчтэй телевизийн “Хоккейн үдэш” нэвтрүүлгийн зарим дугаарыг ивээн тэтгэдэг юм байна.
Өөрийгөө “Дэлхийн хамгийн энх тайванч орон” гэж өргөмжилсөн Канад улс АНУ-ын заавраар “түүний өмнөөс хууль хэрэгжүүлж” байгааг ойлгохын аргагүй юм хэмээн хятадын хэвлэлд тэмдэглэсэн байгаа юм.
“Канадын дээрэнгүй үйлдэл Хятад, Канадын харилцаанд бараан сүүдэр тусгаж, хоёр орны ард түмний сэтгэлийг эмзэглүүллээ. Өрнийн зарим орон Хуавэй компанид дайсагнасаар ирсэн бөгөөд тус компанийг Хятадын засгийн газартай нягт харилцаатай, компанийг үүсгэн байгуулагч нь Хятадын цэргийн албанд байсан хүн гэх мэтээр гүтгэсээр ирсэн юм. Иймээс Хуавэй компани хамгийн олон шалгалтад өртсөн үндэстэн дамнасан аж ахуйн нэгж болжээ. Гэвч шалгагчид компанийн хууль зөрчсөн тухай ямар ч баримт нотолгоо олоогүй. Үүнийг Канадын тал сайн ойлгож байгаа нь мэдээж хэрэг юм. Хий хоосон зэмлэх нь Хуавэй компанийг бусдаас нууж хаах юмгүй гэдгийг гэрчилж байна. Энэ удаа Канад улс бусад орны гар хөл болж, Хуавэй компанийн ямар ч хууль зөрчөөгүй өндөр албан тушаалтныг баривчлан хорьсон нь маш их сөрөг үр дагавартай юм. ” гэж хятадын тал үзэж байгааг тус орны хэвлэлээр бичиж байна.