Таван настай охиныг хулгайлсан гэх хэрэгт холбогдоод байгаа П.Батсуурьт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2018.12.13/Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүхээс П.Батсуурийг буруутайд тооцон, гурван жилийн хорих ял оноов.
Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 21-нд Нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух 37 настай эмэгтэй Дархан-Уул аймгийн Дархан суманд гэрийнхээ гадаа тоглож байсан таван настай Э гэгч охиныг хууран мэхэлж Улаанбаатарт авчирсан байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн баривчилсан билээ.
Монгол овогт Пушкины Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчийг хууран мэхлэн авч явж хулгайлах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хорих ялаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шийдвэрлэсэн байна.