Өнөөдрийн хуралдаанаар ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцэх юм. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлаар Ёс зүйн дэд хорооны хуралдааныг өнгөрсөн долоо хоногт хоёр удаа зарласан ч ирц хүрээгүй. Тус хорооноос Прокурорын байгууллага руу 60 тэрбумын хэрэг, ЖДҮ-гийн зээлтэй нэр холбогдсон гишүүдийн асуудалд холбогдох бичгүүд явуулж хариу нь ирээд байгаа аж. Товчхондоо ямар ямар гишүүд холбогдсон талаар тодруулжээ. Үүнийг танилцуулах юм байна.
Гэхдээ хэдэн гишүүний асуудлыг хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүдэд тодорхой гомдол өргөдөл ирсэн асуудлыг ч хэлэлцэх юм байна. Ёс зүйн дүрэмд тусгагдсан хариуцлагын санкцуудын хүрээнд гишүүдэд хариуцлага тооцдог. Өөрөөр хэлбэл, Ёс зүйн дэд хорооноос Ашиг сонирхлын зөрчлийн хууль зөрчсөн тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй аж.
Хэрэв зөрчил үүссэн гэж үзвэл тухайн гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байх талаар УИХ-ын дэгийн тухай хуульд заажээ. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар УИХ-ы дарга Ёс зүйн дэд хорооны гишүүдийн ирц хүрэхгүй байгаа бол ирэхгүй байгаа гишүүдийг чөлөөлөх тухай асуудлыг хөндсөн. Тэгвэл гишүүдийг солих эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо шийдвэрлэх учиртай юм байна.