Японы засгийн газар Хятадын Huawei, ZTE харилцаа холбооны компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг мэдээллийн аюулгүй байдлын үүднээс хориглох шийдвэрийг өнөөдөр буюу Даваа гарагт гаргалаа. Ингэснээр тагнуулж, чагнуулахаас болгоомжилж Хятадын компаниудаас зайгаа барьсан орнуудын тоо нэгээр нэмэгдлээ. Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын засаг захиргаа Huawei, ZTE компаниудын бүтээгдэхүүнийг харилцаа холбооны дэд бүтэц байгуулахдаа ашиглахгүй байх шийдвэр гаргасан.
Австрали, Шинэ Зеланд улсууд үүрэн холбооны дэд бүтцээ 5G стандартад шилжүүлэхдээ дээрх хоёр компанитай хамтран ажиллахгүй байхаар шийдээд байгаа билээ. Тагнуулын байгууллагынхаа зөвлөмжийн дагуу Их Британий BT Group-ийн EE мобайл оператор бас 5G сүлжээний цөм хэсэгтээ Huawei компанийн тоног төхөөрөмжийг ашиглахгүй байх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Тус компани одоогийн 4G сүлжээнийхээ тоноглолоос Huawei-г чөлөөлж эхэлснээ мөн мэдээлсэн байна.
Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн долоо хоногт Португалын хамгийн том оператор Altice өөрийн сүлжээг 5G технологид шилжүүлэхдээ Huawei компанийн тоног төхөөрөмжийг ашиглах гэрээ байгуулжээ. Португалын компани ингэснээрээ Huawei компанийн 5G сүлжээний тоног төхөөрөмжийг ашиглах дэлхийн 23 дахь хэрэглэгч болж байна. Одоогоор Европын 15, Ойрх Дорнодын 5, Азийн 3 оператор компани дараа үеийн технологид шилжихдээ Хятадын компанитай хамтрахаар болжээ. Энэ тоо нь Huawei компанийг дэлхийн хамгийн том 5G сүлжээний дэд бүтэц нийлүүлэгч болгож, Нокиа, Эрикссон компаниудын өмнө оруулж байна.
Эх сурвалж: South China Morning Post
1 comment
Зөв ш дээ,