Монгол оронд маань хэдийнэ тэсгим хүйтэн айлчлан иржээ. Тэгвэл хүйтний улирал харьтал дулаан гаражгүй хүмүүс гадаа хонуулсан автомашинаа хэрхэн асаах нь зохимжтой вэ? Мэдээж удаан зогссон, хүйтэн гудамжинд хоносон автомашины хөдөлгүүр асах гэж бас л их хүч хөдөлмөр зарцуулах байх. Тэгвэл арай хялбар байдлаар асаах дараах аргуудыг танд зөвлөж байна.
-Машинаа асаалгүй түлхүүрээ АСС байрлал дээр тавьж, их гэрэл буюу холын гэрлээ 30 сек асаагаарай. Ингэж царцсан аккумуляторт ачаалал өгснөөр доторх электроныг хөдөлгөөнд оруулж асаахад илүү хялбар болгодог.
-Хүйтэнд машин асаах үйлдэл хийхээс өмнө хаазан дээр тултал гишгэж байгаад түлхүүрээ түлхэн асаах үйлдэл хийвэл хөдөлгүүрийн асалт сайн байх болно. Учир нь бензин насосны даралтыг сайжруулж, түлхүүр түлхэхэд форсунк дээр бензин цацагдахад бэлэн болдогтой холбоотой юм.
-Дизель, бензин машинд хэрэглэж болох түргэн асаагч эфир байдаг. Капот сөхөөд 1-2 удаа агаар шүүгч рүү цацаад, машинаа асааж үзээрэй. Маш амархан тэсэрнэ, ялангуяа дизель тэрэгт 2-3 удаа цацвал ямар ч хүйтний улиралд асаалт нь хялбар болно.
-Дизелиэр явдаг автомашинтай хөдөө явахдаа хонох хэрэг гарвал 5 л дизель халааж байгаад банкиндаа хийгээд 5 минут гараараа дарж татуулаад, ганц дарж асаана. Нөөц савтай явах хэрэгтэй шүү.
-Таны ойр орчим дулаан газар байгаа бол аккумулятороо тайлж аваад, дулаан газар 1-2 цаг байлгаад буцаагаад боосны дараа асаах оролдлого хий. Энэ үйлдлийг олон удаа хийхгүй байхыг анхааруулъя. Учир нь аккумулятор хурдан суух аюултай.
Анхаарах зүйлс:
-Түлхүүр түлхэн стартерыг эргүүлэхдээ хэт удаан дарж болохгүй. Үүнээс болж аккумуляторын цэнэг болоод стартерын доторх ороомог халж муу нөлөөлөл үзүүлнэ. Тиймээс стартерыг 10 секундээс илүү эргүүлэх хэрэггүй.
-Хүйтэнд асаах оролдлогыг хэт олон хийсний дараа заавал тосыг шалгаж байгаарай. Учир нь шатах камер дотор цацагдсан бензин тэсрэхгүй үлдсэнээр цилиндрийн ханыг даган урсаж, кастер дахь моторын тостой холилддог. Хэрвээ ямар нэгэн байдлаар бензин моторын тостой холилдсон бол тосны тослох чанар муудсан байдаг. Үүнээс үүдэн дараагийн удаа хүйтэнд хонуулахад хөдөлгүүр зуурч, асаалт муудаг.
-Хэрвээ машинаа хүйтэнд асаах оролдлого хэд хэдэн удаа хийсэн бол заавал тосны шубээ авч бензин холилдсон эсэхийг шалгаж байгаарай. Шалгахдаа шуубны үзүүрт байгаа тосыг үнэрлэн бензин үнэртэж байгаа эсэхээр мэдэж болно.