1907 оны нэгдүгээр сарын 31-нд Францын “Le Matin” сонины эхний нүүрэнд “Парис-Бээжин автомашин” гарчигтай нэгэн сонирхолтой зар гарчээ. Үүнд, “Энэ зун Парисаас Бээжин хүртэлх 16,000 км замыг хамгийн богино хугацаанд автомашинаар туулсан хүний 100.000 франкаар (одоогийн ханшаар 1.200.000 ам.доллар) шагнана” гэжээ.
Тухайн үед энэ төрлийн сорил төсөөлшгүй хүнд даваа шиг байсан ч жолооны ард суусан хүн мянга мянган бээр газрыг даван туулж чадахыг нотлох түүхэн үйл явдал байлаа.
Уралдаан 1907 оны зургадугаар сарын 10-нд Бээжингээс эхэлж наймдугаар сард Парис хотноо дуусжээ. Өөрөөр хэлбэл тэмцээнд оролцогсод хоёр тивийг автомашинаар туулахад хоёр сар зарцуулсан аж.
Сонинд зар гарснаас хойш нийт 25 баг оролцох хүсэлт илгээсэн ч ердөө 5 баг нь гараанд хүрэлцэн ирж, 4 нь уралдааныг гүйцээсэн юм.
Адал явдлаар дүүрэн анхны раллигийн талаарх зарим нэг баримтаас дурдваас, тэртээ 1907 онд Орост 250 км тутамд Nobel Oil-ийн бензин колонкууд байдаг байж. Гэтэл Хятад болон Монголд тийм ТАНСАГЛАЛ байсангүй.
Уралдаан Монголын говийн тэмээн жин явдаг замаар болжээ. 100 км яваад моторын тосоо сольдог байж.
Урьд өмнө нь машин харж байгаагүй иргэд маш ихээр гайхаж, амьтантай андуурна.
Тэр ч бүү хэл хамгийн хүнд зам нь Монголын говь байсан тул энэ хэсгийн 750 км зайд тусгайлан 4 бааз босгож, тэмээн жингээр түлш, хоол хүнс, багаж сэлбэг ачиж нөөцөлж байлаа.
Тэр жилийн зун нэлээн хүйтэн, усархаг бороотой байсныг ч хэлэх үү жинчдийн зам тэр чигтээ шавар шавхай болж, шалбаагт суусан машиныг 10-20 хүн морь, тэмээгээр татан гаргаж байв. Ийнхүү уралдааны явцад нутгийн иргэдийг хөлсөлж ачигч, туслагчаар ажиллуулж байж.
Тэмцээн үргэлжилсээр наймдугаар сарын 10-нд Италийн “ITALA” баг бусдаасаа хоёр долоо хоногийн зайтай барианд орж ирэв. Сонирхолтой нь, “ITALA” багийн гишүүн Луйжи Барзини хожим дэлхийн анхны авто раллигийн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн хамт “Бээжингээс Парис руу” нэртэй номыг бичиж олонд хүргэж ээ.
Байгаль нуурийн хаяанд автомашины зам дуусч төмөр замаар явах хэрэг гарав
Сибирийн төмөр зам тавьж эхэлснээр ихэнх гүүрийг арчлах хүнгүй болж, үхэр тэрэг л явах даацтай болжээ
УРАЛДААНД ОРОЛЦСОН 5 БАГ:
“itala” 35/45 HP (Итали), хөдөлгүүрийн багтаамж 7, 28 м.х, жолооч Шипионе Боргезе хунтайж болон Эттoре Гуйцарди, Corriere della Sera” болон “Daily Telegraph” сонины сэтгүүлч Луйжи Барзани,
“Spyker” (Голланд), 15 м.х., жолооч Чарльз Годдард, зорчигч “Le Matin” сонины сурвалжлагч Жан дю Талли
“Contal” (Франц), 6 м.х., трицикл, жолооч Огюсте Понс
“De Dion-Bouton” #1 ( Франц), 10 м.х., жолооч Жорж Кормье
“De Dion-Bouton” #2 ( Франц), 10 м.х., жолооч Виктор Колиньюн, механик Жан Бизак, зорчигч “Le Matin” сонины сурвалжлагч Жан дью Талли
Барианд орж ирэх ялагчийг баяр ёслолын байдалтай угтаж байгаа нь
Ялагчийн машин
Эх сурвалж: За Рулем Монгол сэтгүүл