Монгол дахь Хүүхдийг ивээх сангаас “Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааны дүнг танилцууллаа. Уг судалгааг олон улсын “Транспаренси Интернэйшнл” байгууллагатай хамтран 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв болон Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийг хамруулсан байна.
Дунд ангийн зургаа, найм, аравдугаар ангийн 2191 хүүхэд болон хөгжпийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиудын сурагчид хамрагдаж, фокус бүлгийн ярилцлагад 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн төлөөлөл оролцжээ. Энэ үеэр хүүхдүүд анги дэвших тусам шударга байдлын үнэлгээ нь буурч байдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Учир нь, худал хэлдэг, хууран мэхэлдэг хүмүүс шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг гэсэн хандлага хүүхдүүдийн дунд бий болсонтой холбоотой ажээ.
Хэн нэгэн ажил, сургуульд шалгалтгүйгээр оруулна гэвэл судалгаанд оролцогчдын 50.2 хувь нь “зөвшөөрнө” гэжээ. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 70 гаруй хувь нь “Үргэлж шударга байх боломжгүй” гэж үзсэн бол 43 хувь нь “Худал хэлдэг, хууран мэхлэгчид нь шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг” гэж хариулсан нь бидний санааг зовоож байна гэж Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон онцлов.
Г.Сүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
1 comment
хүүхдүүдийн зөв л байхдаа, УИХ-ын гишүүд, ерөнхийлөгч, ерөнхий сайд гээд даган дууриах хүмүүс нь бүгд л худлаа яриад, хулгай хийгээд баяжаад байхаар тэд бас л тийм сэтгэхүйтэй болж байгаа, тэгж төлөвшиж байна, түрүүлж залилж, түрүүлж хулгайлж чадсан нь сайхан амьдарч болох юм байна, сайн худлаа ярьж чадвал ерөнхийлөгч болдог юм байна гэсэн ойлголттой болж байгаа гь нуух юм биш