Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аянд нэгддэг. Манай улс энэхүү аянд өдгөө 20 дахь жилдээ нэгдэж буй.16 хоног үргэлжлэх энэхүү аянд “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэх нэгдмэл зорилгын дор болдог.
НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд “Засгийн газрын мэдээ сонин” ХМХ, Хэвлэлийн хүрээлэн, “Монфемнет” үндэсний сүлжээ болон “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ хамтран хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдэд зориулсан сургалтыг өчигдөр (2018.12.06) зохион байгуулав.
Сургалтын гол зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой мэдээ мэдээлэл, хэргүүдийн тухай сэтгүүлчид олон нийтэд түгээхдээ ямар алдаа гаргадаг уу, гаргах алдааг багасгах, хохирогч болон сэтгүүлчийн эрхийг хэрхэн хамгаалах тухай ойлголтыг нэмэгдүүлж, зөв өнцгөөс мэдээллээ хүргэх ур чадвар, ойлголтыг сэтгүүлчдэд нэмэгдүүлэв.
“Монфемнет” үндэсний сүлжээ, ерөнхий зохицуулагч, лектор Д.Энхжаргал “Жендэрт суурилсан хүчирхийлэл гэж ямар ойлголт болох? олон нийт хэрхэн ойлгодог, тэдний буруу ойлголтыг таниулах” сэдэвт лекц, “Хүйсийн тэгш эрх төв” ТББ-ын тэргүүн Г.Ганбясгах “ЖСХ-ийн талаар мэдээ, мэдээлэл түгээхэд хууль зөрчихгүй байх зөвлөмж, Жендэрийн мэдрэмжтэй бичих, юун дээр анхаарах шаардлагатай вэ, өөрийгөө хуулийн хүрээнд хамгаалах боломж” сэдэвт лекцээр хичээл оров.
Мөн түүнчлэн Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын албаны дарга Р.Оюунцэцэг, судлаач, лектор З.Энхбаяр хоёр “ЖСХ-ийн талаарх мэдээллийг хэрхэн бэлтгэх вэ? Хохирогчийн нэр хүндэд халдалгүй түгээх нь, түгээмэл гаргадаг алдаанууд” зэрэг лекцийг бодит кэйс дээр үндэслэж ярилаа.