ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах засгийн газар хоорондын зөвлөлийн хурлаар 2018 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Хятадын түвд эмнэлгийн эмийн ургамлын хандад оруулах эмчилгээг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээлийн жагсаалтад оруулжээ. “24 улирлын дараа Хятад улсын бас нэгэн төсөл хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүллээ” хэмээн ХОУР-гийн сэтгүүлч Гао Жюнь Мавританиас мэдээлсэн байна.
ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах засгийн газар хоорондын зөвлөлийн XIII хуралд тус хурлын дарга бөгөөд Мавританийн Урлаг соёлын яамны сайд Прит Лупен “Түвд эмнэлгийн эмийн ургамлын хандад оруулах эмчилгээ-Хятадын Түвд үндэстэн эрүүл мэндэд үйлчилж, өвчин эмгэгээс сэргийлэх мэдлэг, практик” төслийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээлийн жагсаалтад оруулснаа мэдэгджээ.
Эмийн ургамлын хандад оруулах эмчилгээ бол түвд эмнэлгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Түвдүүд байгалийн халуун рашаан, эсвэл эмийн ургамлыг буцалгасан усанд орж, ууранд нь суун, бие сэтгэлийн тэнцвэрийг зохицуулж, биеэ чийрэгжүүлэн, өвчнөөс сэргийлдэг аж. Тус төсөл гэр хорооллын иргэдийн усанд орж, өвчин эмгэгээс сэргийлэх хуучин туршлага, “Анагаах ухааны дөрвөн үндэс” зэрэг түвд эмнэлгийн онолыг орчин үеийн эрүүл мэндийн эмчилгээтэй уялдуулсан практик юм байна.
Тус төслийг бүртгүүлснээр үндэстний уламжлалт эмчилгээний тухай олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж, дэлхий дахины анхаарлыг түвд эмнэлэгт хандуулан, ард иргэдэд ач тус хүртээнэ гэж Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын Соёл аялал жуулчлалын яамны дэд сайд Жан Шюй ярьжээ. Тэрээр “Түвд эм эмнэлгийн эмийн ургамлын хандаар угаах эмчилгээг ЮНЕСКО-д бүртгүүлсэн нь биет бус соёлын өвийг улам ил болгож, түүний ач холбогдлыг мэдэхэд тустай юм. Ийнхүү улс үндэстнүүд эрүүл мэнд, байгалиа хүндэтгэх тухай мэдлэгээ солилцохыг дэмжиж, олон улсын нийгэмлэг уламжлалт мэдлэг практикийн төрлийн биет бус соёлын өвийг хамгаалахыг чухалчилж буйг харууллаа. Хятад улс өгсөн амлалтаа биелүүлж, соёлын өвийн энэ төслийг цаашид хөгжүүлэн уламжилж, хуучны үнэ цэнэтэй мэдлэг, практик ач тусыг ард иргэдэд хүртээхийн төлөө хичээн ажиллана. ” гэсэн байна.
Түвд эмнэлгийн эмийн ургамлын хандаар угаах эмчилгээ түвд нутгаас гаралтай. Түвд, Хөх нуур, Сьчуань, Ганьсү, Юньнань зэрэг муж өөртөө засах орны түвдүүдийн оршин суудаг нутгаар дэлгэрсэн бөгөөд сүүлийн үед Өвөрмонгол, Шиньжян нутгийнхан ч өргөнөөр хэрэглэх болжээ.