Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 12 дугаар сарын 02-ноос эхлэн ихэнх нутгаар өмнөх хоногуудаас 10-20 градусаар хүйтний эрч эрс чангарч, Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38-аас -43 градус, өдөртөө -25-аас -30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч, хүчтэй салхи салхилж, цасан болон шороон шуурга шуурна, шөнөдөө -32-оос -37 градус, өдөртөө -21-ээс -26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -21-ээс -26 градус, өдөртөө -9-өөс -14 градус, бусад нутгаар шөнөдөө -25-аас -30 градус, өдөртөө -15-аас -20 градус хүйтэн байна.
Дээр дурьдсан цаг агаарын гамшигт үзэгдэлийн улмаас эрчим хүчний саатал гарах, зам даваа цасанд хаагдах, хальтиргаа, гулгаа үүсэх, мал уруудах, малчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах зэрэг ноцтой хүндрэл үүсэх эрсдэлтэй байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах, Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхаарахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.