УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.12.05/ хуралдаж, УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсов.
“Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-т тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өөрийн орны өвөрмөц нөхцөл байдал болон олон улсын жишиг, хандлагад нийцүүлэн 3 үе шаттайгаар хөгжүүлэхээр заасан. Түүнчлэн 2014 оны 43 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ногоон хөгжлийн бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эх бүхий газар нутгийн тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авахаар заажээ.
Эдгээр тогтоол, шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа талаар аймаг, нийслэлийн иргэдээс найман мянга гаруй өргөдлийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирүүлжээ. Тухайлбал, аялал жуулчлалын зориулалт нэрийн дор Хөвсгөл нуур орчимд газар олголт эмх замбараагүй болсон төдийгүй гадаадын иргэд үйл ажиллагаа явуулж буй талаар нутгийн иргэдээс гомдол ихээр ирүүлдэг аж. Энэ асуудлын хүрээнд өнгөрсөн наймдугаар сард томоохон бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажилласан байна. Өнөөдөр тус ажлын хэсгийн дүгнэлтийг болон аялал жуулчлалын стандартыг хэлэлцэж, үүсээд байгаа зөрчил, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх юм байна.
Түүнчлэн Туул гол орчмын тусгай хамгаалалттай бүсэд зөвшөөрөлгүй газар олгосон, обьект барьсан асуудлаар Өргөдлийн байнгын хороо газар дээр нь ажиллаж, үүрэг, даалгавар өгсөн байдаг. Хууль бусаар обьект барьсан аж ахуйн нэгжид одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
“Монгол Упсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” 2.3.1-д “.. Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах”, “Ногоон хөгжлийн бодлого” 3.2.1-д “Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 60-aac доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь хүргэх”, “Ус үндэсний хөтөлбөр”-т “Гол мөрний урсац бурэлдэх эхийн 60 хувьд хамаарах газрын хилийг нарийвчлан тогтоож, улсын болон орон нутгийн хамгаалалтад авна”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 4.2.1-д “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бурэлдэх эхийн 50-иac доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авна” гэж бодлогын бичиг баримтад заасан. Гол мөрний урсац бүрдэх эх нь нийт 144,157.6 кв.км талбайг хамардаг ба үүнээс 64,438.45 кв.км талбай буюу 44.7 хувь нь улсын тусгай хамгаалалтад хамрагджээ.
Цаашид улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөхөөр 9 аймгийн 29 сумыг хамарсан 3.4 сая га талбай бүхий 22 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг өнгөрөгч есдүгээр сарын 5-нд Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Одоогоор Монгол улсын газар нутгийн 27 сая га газар тусгай хамгаалалтад багтаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах ёстойгоос 44.7 хувийг авсан бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувьд хүргэхээс одоогоор 17.8 хувьтай байна.
УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авсны дараа үг хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Өргөдлийн байнгын хороо газар нутгаа хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж буйд талархал илэрхийлэхийн сацуу Туул голын дагуу газрыг бүхэлд нь тусгай хамгаалалттай бүсэд хамруулж, Туул голтой холбоотой хуулийн төслийг нэн яаралтай өргөн барих тухай санал хэлж байв.
Ийнхүү УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусган өргөдөл ирүүлсэн 8 мянга гаруй иргэдийг төлөөлж, Засгийн газарт чиглэл өгөх саналтай буйгаа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны төгсгөлд тэмдэглэлээ.