Эмнэлгийн өрөө
Эмнэлэг яг л нэг өөр ертөнц шиг. Бүгд ямар нэгэн оноштой хэвтэнэ. Өөртөө арчаатай нэг нь урьтаж очоод эмчлүүлнэ, өөрийгөө умартсан зарим нь үхлийн өмнө золгоно. Хэнтэй ч харьцахгүй цаашаа хараад хэвтчихдэг нэгэн байхад хөзөр бариад өрөө өрөө хэсэн найрлаж явдаг аниа нар бас бий. Хэзээ ч учирна гэж төсөөлж байгаагүй хүмүүс нэг тогооноос хоол идэж, хэнбугай нь ч байсан эмч нарын гарын аясаар хөдөлнө. Нэг хэсэг би байсхийгээд л эмнэлэгт хэвтчихдэг байсан юм.
Сүүлд нэг эмнэлэгт хэвтсэнсэн. Халуун тариа гэдэг тариа тарьдаг бөгөөд яг л өмдөндөө шээж байгаа мэт мэдрэмж төрж бүх биеэр халуу дүүгэнэ. Нүдний зовхиноос арай доохнуур урт зүү тэмтэрч ороод зүсээд авч буй мэт хорсдог шингэн шахна. Бараг арав хоног босгохгүй унтуулж орхино. Хумсны толиог гурав хуваасан мэт жижигхэн цагаан зүйл хамаг биеийг мансууруулж юу болоод байгаа нь мэдэгдэхгүй маш ихээр ам л цангаад байна. Шингэн юм юу ч хамаагүй өгөөд байвал уугаад л баймаар.
Албаар хүйтэн өрөөг сонгосон нь ганцаараа байхыг хүссэндээ тэр. Бидний хязгааргүй их тэнэглэл, шунал, мөнх амьдрах мэт бардам занг бага ч болтугай хязгаарлаж, байвал зохих байранд нь буцааж тавьдаг газар бол эмнэлгийн өрөө юм. Хэчнээн хүйтэн жиндэж байвч хэнтэй ч яримааргүй, харьцмааргүй байлаа. Нэг ном, нэг дэвтэртэй орсон нь хань болсон уу, эсвэл гай болсон уу бүү мэд. Маш их зүйл бичиж орхисон байсан. Амьдрал миний толгой руу маш хүчтэй хүнд зүйлээр цохиод унагачих шиг.
Алдар нэр, амбийц зорилго бүх зүйл утгагүй санагдаж, энэ аймшигтай сонин байдлаас хурдан салахсан. Өвчин мөн ч юм уу, үгүй ч юм уу энэ хэцүү өдрүүдийг хурдан туулж өнгөрөөхсөн. Зүгээр л гудамжинд ямар нэгэн сандал дээр суугаад хүмүүсийн алхаад өнгөрөхийг хэдэн цаг ч хамаагүй ажиглаж суухсан. Эрүүл байвал нээрээ юу ч хамаагүй хийгээд сэтгэл хангалуун амьдрахсан гэдэг туйлын хүслэн. Зөвхөн тэр өвөлдөө таван эмнэлэг сольсон байж билээ. Энерги, иога, бясалгал, лам, бөө, зүү, тариа туршаагүй зүйл үгүй байх аа.
Юугаар эмчилсэн гэвэл цаг хугацаа болон байгаагаа хүлээн зөвшөөрөөд тайвшрах мэдрэмж хоёр. Өвдөлт болоод айдас эцсийн бүлэгт хүнийг үхүүлэх хэмжээний аюултай биш л бол маш ихээр зовоогоод өнгөрөх, түүнээс илүү хүч чадалгүй зүйлс билээ л. Бүр тэсэхийн аргаүй өвдөх, бачимдах үедээ би нүдээ аниад залбирсан юм. За одоо үхэл юм бол үхсүгэй, төгсгөл юм бол дуустугай. Үүнээс илүү тарчлаах чадал үгүй болбоос өвчин зовлон чи үтэр түргэн надаас тонилтугай гэж. Харин ийм хүнд үед дэргэд байсан болоод орхиод явсан нэгнийг хүн хэзээ ч мартдаггүй юм билээ. Хогийн сав мэт чихсэн ходоод, ёроолгүй мэт гударсан архи, машин моторгүй мэт зүтгэсэн бие. Бүх л зүйл хязгаартай, өөрийн гэсэн цаг хугацаа, заах тоолууртай байдаг гэдгийг энэ “Зогсоол” л бидэнд ойлгуулдаг ажээ.
Ч.Ганжавхлангийн “8 км 400 метр” номын хэсгээс
2 comments
Ene nom haana zaragdaj baigaa bol Guitseej unshmaar sanagdlaa
Энэ .номыг , Ми.Энхболд ,тэргүүтэй олигархиудад,уншуулаа ч. Яг ,одоо ,уншихгүй ,бол ,цаашаа ,зүтгээд ,байх ,юм, Хөрөнгө ,нь хангалттай ,болсон ,доо.