УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээс гарах тухай мэдэгдэл хийсэнтэй холбогдуулж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Л.Болд гишүүн бүлгээсээ гарах мэдэгдэл хийсэн. Таныг болон АН-ын дарга С.Эрдэнийг МАНАН-гийн нэг хэсэг гэсэн. Үүнд Та ямар тайлбар хэлэх вэ?
-Өнөөдөр Л.Болд гишүүн АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Улс төрийн хариуцлага хүлээлгэсэн нь зөв гэж би харж байгаа. Харин бүлгээс гарах хүсэлт нь бүгд хуулийн дагуу шийдэгдэх ёстой. Бүлэг хэвээрээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Л.Болд гишүүний хүсэлтэд дурьдсан 26.11 дэх заалт бол гишүүд бөөнөөрөө гараад нөгөө бүлэгт орох тухай ойлголтыг тусгасан. Бөөнөөрөө гараад нөгөө бүлэгт орж чадаагүй бол дахиж бүлэг байгуулахыг хориглоно гэсэн заалт байгаа. Тэгэхээр хуулийн заалттай нийцэхгүй байна. Тиймээс Улсын дээд шүүхэд би тайлбар явуулж байгаа. Хуулийн зөрчилтэй ийм хүсэлт дээр би АН-ын бүлгийн даргын хувьд ямар ч бичиг, мэдэгдлийг УИХ-ын даргад өгөхгүй. Тийм үндэслэл байхгүй, хууль зөрчих эрх надад байхгүй. Тийм учраас бүлгийн үйл ажиллагаа хэвийн явагдана.
-Намаасаа гарсан тохиолдолд бүлэг тарах нөхцөл байдал үүснэ гэж ойлгож болох уу?
-Намаас чөлөөлөгдөх юм бол тийм нөхцөл байдал үүсч болно. Хууль нь өөрөө тийм заалттай. Өөрөөр хэлбэл, тухайн гишүүн нам бус болж бүлгээс гарвал 28.1.3 дахь заалтын дагуу гишүүд найм хүрэхгүй учраас бүлэг тарах эрсдэл үүсч болно. Ер нь бүлэг тарахыг хэн нэгэн хүн амныхаа зоргоор хийдэг ажил биш. Бүлэг тарах нь хуулийн заалттай. Хэрэв УИХ-д суудалтай улс төрийн нам татан буугдсан бол, мөн бүлэг өөрөө тарах шийдвэр гаргавал гэсэн хоёрхон заалт байгаа.
Нэг зүйлийг онцлоход, Л.Болд гишүүн энэ парламентад олон удаа АН-ын нэрийн суудал дээр суусан. Л.Болд гишүүнд хэлэхэд, ард түмний дуу хоолой болж байгаа энэ сөрөг хүчний бүлгийг тараах оролдлогыг санаатайгаар хийж болохгүй шүү. Ганцаараа бүлгээс гарч байсан парламентын түүх байгаагүй. Үнэхээр манай гурван гишүүн хариуцлагагүй үйлдэл хийсэн үү гэвэл хийсэн.
-Гишүүдийн хэлснээр Та үнэхээр М.Энхболдтой ашиг сонирхол нэгтэй юу. М.Энхболд гэдэг хүнд хариуцлага тооцох тухай яригдаж байгаа. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Тэр 60 тэрбумынхан гэж байна, тэр ЖДҮ-гийнхэн гэж байна. Энэ бол үнэн зүйл гэдэгтэй АН санал зөрөлдөхгүй байгаа. Харин эхлээд эрэмбээрээ явсан зүйл дээр нэг хэсгийгээ гүтгэн доромжлоод, тэд нартай нийлээд явж байна гэсэн зүйл байж болохгүй. Би энэ Их хурал болохгүй байна, хариуцлагагүй ажиллаж байна, энэ Их хурал 60 тэрбумаас бүрдчихсэн юм биш үү, тиймээс энэ Их хурал чинь тарах юм биш үү гэж цаг үргэлж ярьж ирсэн. Энэ байр суурин дээрээ өнөөдөр ч байна. Одоо Засгийн газрын асуудал шийдэгдээд нэг талдаа гараад ажиллаж байх шиг байна. 60 тэрбумтай холбоотой асуудалд үнэхээр Их хурлын дарга холбоотой бол бид байр суурин дээрээ хэвээрээ байгаа.
-Л.Болд гишүүн намаас гарах хүсэлтээ өгөх шийдвэр гаргасан тохиолдолд нам хэдий хугацаанд шийдвэрлэх вэ?
-Энд хугацааны заалт байхгүй. Энэ бол намын асуудал. Л.Болд гишүүнийг дараагийн алхмыг би хэлж мэдэхгүй байна. Хаанаа байх нь тэр хүний өөрийнх нь сонголт.