Чингис хаан олон улсын нисэх буудлын цагдаагийн албанд Увс-Улаанбаатар чиглэлийн онгоцонд зорчигч амьсгал хураалаа гэх мэдээлэл иржээ. Тодруулбал, энэ сарын 3-ны өдрийн 20 цаг орчимд Увс аймгаас Улаанбаатар хот руу яаралтай эмчилгээнд ирж байсан 43 настай иргэн Н онгоц газардахаас өмнөхөн амьсгал хураажээ.
Талийгаач нь Увс аймагт мал хариулж явахдаа ачааны машинд мөргүүлэн цээжиндээ битүү гэмтэл авсан байж. Ослоос хойш аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт яаралтай эмчилгээ хийлгэж байсан бөгөөд нарийн шинжилгээнд хамрагдахаар Улаанбаатар руу онгоцоор ирж байхдаа ийнхүү нас барсан байна. Талийгаачийн хамт Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн хоёр эмч явсан аж. Дуудлага мэдээллийн дагуу Чингис хаан олон улсын нисэх буудлын цагдаагийн алба хаагчид хэргийн газрын үзлэг хийж, хэрэг бүртгэл нээсэн байна.