2019-2020 оны хичээлийн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажил аль хэдийнэ эхэлжээ. Энэ удаагийн элсэлтийн шалгалт орон даяар шилэн технологи нэвтрүүлж буйгаараа онцлогтой аж. Ингэснээр ирэх онд шалгалт өгөх бүх сурагчид өөрсдийн тестийн хариуг компьютерээр шалгуулж, газар дээр нь дүнгээ сонсох аж.
Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй энэхүү шилэн технологийг нэвтрүүлснээр холын сумд, багуудаас аймгийн төвд ирж шалгалт өгдөг сурагчид цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэх боломжтой болж байна. Өмнө нь ЭЕШ өгсөн сурагчид хэдэн оноо авснаа 14 хоногийн дотор мэддэг байсан юм.
Нийслэлийн сургууль бүрт тестийн хариуг автоматаар шалгадаг компьютержсэн машиныг байршуулах бөгөөд гацаж, эвдрэхээс сэргийлж хөдөө орон нутгийн сургуулиудад нөөц нэг машин оноож өгөх гэнэ. Ирэх хичээлийн жилд өмнөх онуудаас харьцангуй цөөхөн буюу 16 мянган сурагч ЭЕШ өгнө гэсэн урьдчилсан тооцоог хийжээ.