Францын зүүн өмнөд нутгийн сүрчиг хийх технологийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэжээ. Лхагва гарагт Мавритани улсад болсон ЮНЕСКО-гийн хурал дээр энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Шинээр бүртгэгдсэн биет бус өвд сүрчгийн найрлагад ордог ургамлууд, сүрчгийг бүтээх мэдлэг, ур чадвар, үйл явц хийгээд сүрчгийн орцыг тааруулалт зэрэг багтаж байгаа ажээ. ЮНЕСКО-гийн төлөөлөгчдийн мэдээлснээр, Францын Грас хотын ард иргэд сүрчиг бүтээх технологийг өөрсдөө бий болгосны зэрэгцээ улам бүр сайжруулсаар ирсэн аж.
Сайхан үнэрт сүрчгээрээ алдартай Грас хот нь дэлхийн хамгийн том сүрчиг үйлдвэрлэдэг газарт тооцогддог ба баялаг хөрс хийгээд уур амьсгалын аятай байдал нь сарнай, мэлрэг болон бусад төрлийн цэцгийн ургах таатай нөхцлийг бүрдүүлдэг байна. АНУ-ын алдарт жүжигчин Мэрилин Монрогийн дуртай үнэртэй ус гэгддэг байсан “Chanel No. 5” сүрчиг нь Грас нутгаас үүсэлтэй юм.