Крымийн хойгт болсон хэрэг явдалтай холбоотойгоор Трамп, Путин нарын уулзалт цуцлагдах эсэх асуудал яригдаж байсан ч энэ мэдээлэл няцаагдаж, тэд арванхоёрдугаар сарын 2-ны өдөр буюу Их20-ын чуулганы дараа уулзахаар болжээ. Усан хилийг нь санаатайгаар зөрчсөн хэргээр Украины тэнгисийн цэргийн гурван хөлөг онгоцыг ОХУ хүчээр саатуулаад байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Вашингтон пост” сонинд өчигдөр ярилцлага өгөхдөө, “тэдний үйлдсэн түрэмгийлэл таалагдахгүй байна. Их20-ын чуулганы дараа түүнтэй уулзахгүй ч байж магадгүй” хэмээн учир битүүлэг зүйлсийг ярьсан аж. Харин хоёр улсын төрийн тэргүүний уулзалтыг цуцалсан тухай албан ёсны мэдэгдлийг Кремлийн зүгээс хүлээн аваагүй гээд, хоёр талт уулзалтын бэлтгэл хэвийн үргэлжилж байгаа хэмээн мэдэгдсэн юм.
Их20-ын чуулган маргааш /2018.11.30/ Аргентин улсын Буэнос-Айрэс хотноо эхлэн, хоёр өдрийн турш үргэлжлэх ажээ. Чуулганы хоёр дахь өдөр буюу арванхоёрдугаар сарын 2-ны өдөр АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нар уулзаж, цаг үеийн чухал асуудлуудаар яриа өрнүүлнэ. Тэд Хельсинки дэх уулзалтынхаа адилаар аюулгүй байдал, зэвсэглэлийн хяналт мөн Ойрх Дорнод зэрэг мөргөлдөөнтэй бүс нутгуудын тухай ярилцахаар төлөвлөжээ.
Харин Украины асуудлыг ярилцах үгүй нь одоогоор тодорхойгүй байна. Путины Аргентинд хийх айлчлалын төлөвлөгөөнд Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салмантай хийх уулзалт ч багтаж байгаа юм. Харин АНУ-ын ерөнхийлөгч Саудын хунтайжтай албан ёсны уулзалтыг товлоогүй хэмээн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонн Болтон мэдэгджээ.
Өнгөрсөн Ням гаригийн шөнө /2018.11.26/ Крымийн хойг дээр болсон тус маргаантай үйл явдлын дараа АНУ-ын ерөнхийлөгч зөрчилдөөнийг хүндрүүлэхгүйн улмаас яаран хариу үйлдэл үзүүлэхээс татгалзсан байна. “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлагадаа Трамп Украины хөлөг онгоцнууд хил зөрчсөнийг нь ОХУ хүч хэрэглэх саатуулсан тухай ярьсан ч тус хэргийн тухай бүрэн хэмжээний илтгэл, судалгааг туслахуудаасаа авч, танилцсаны дараа санал бодлоо хэлнэ гэв.
Эх сурвалж: РТ, CNN