Хар тэнгисийн Керчийн хоолойд Орос-Украины хооронд үүсээд байгаа зөрчлийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр анх удаа байр сууриа илэрхийлжээ. Өнгөрсөн Ням гарагт Хар тэнгисийг Азовын тэнгистэй холбодог нарийхан хоолойгоор нэвтрэх гэж байсан Украины флотын гурван хөлгийг Оросын тал олзлон аваад байна.
Уг хоолойд Крымийн хойгийг Оросын эх газартай холбодог стратегийн ач холбогдолтой гүүр байрладаг. Москвад болсон бизнесийн чуулганд оролцохдоо Путин уг хэрэг явдлын талаар сэтгүүлчийн асуултад хариулжээ. “Киевийн эрх баригчид Оросын эсрэг үзлийг өнөөдөр тун амжилттай мөнгө болгож байна. Тэдэнд өөр хийх ажил алга” гэж Путин хэлсэн байна. Тэрээр Украины тал энэхүү өдөөн хатгалгыг урьдчилан төлөвлөж, зохион байгуулсан. Энэ нь одоогийн ерөнхийлөгч Петро Порошенкогийн улс төрийн рэйтингээ өсгөх зорилготой ажиллагаа. Ирэх оны гуравдугаар сард болох Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс тэр рэйтингээрээ хол хоцорч яваа гэж ОХУ-ын ерөнхийлөгч тайлбарлажээ.
“Хэрвээ өрнөдийнхөн тэднээс хүүхдээ зараач гэж хүсвэл тэд ингэхэд ч бэлэн байна. Ийм харалган бодлого сайн үр дүнд хүргэхгүй. Ийм зүйлээр хөөцөлдөх нь Украины удирдагчдыг улс орондоо хэвийн улс төр, эдийн засгийн бодлого явуулах сонирхолгүй болгож байна” гэж Путин хэлсэн байна. Тэр бас Украины хөлгүүдийг саатуулсан Оросын хилийн хамгаалалтынхны үйлдлийг өмөөрч, тэднийг өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ гүйцэтгэсэн гэж сайшаажээ.
Эх сурвалж: Russia Today