Өнөөдөр осолгүй, аюулгүй амьдрахын төлөө хичээх өдөр. 1449. Энэ бол зам, тээврийн ослын улмаас сүүлийн гурван жилийн хугацаанд амиа алдсан хүний тоо. Үүнээс үзвэл жилд дунджаар 500 орчим хүн өөрийнхөө,. эсвэл хэн нэгний хариуцлагагүйн улмаас хорвоогоос буцаж байна.
Бид тийм олуулаа бил үү. Зам, тээврийн осол заавал гаргах ёстой юу. Энэ оны эхний арван сарын байдлаар 415 осол гарч, 463 (141 нь хүүхэд) хүн энджээ. Тэдний 347 нь орон нутгийн авто замд зорчиж яваад амиа алдсан байгаа юм. Өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад хүний амь нас хохирсон осол 11.9, нас барсан хүний тоо 7.4 хувиар өсөж, тоон үзүүлэлтийн муруй дээшилжээ. Муухайгаар хэлэхэд зам, тээврийн ослын улмаас амиа алдах хүмүүсийн тоо валютын ханшийг барьж буй мэт хөдөлгөөнгүй, жил бүр амь эрсэдсэн хүмүүсийн TOO үл ялиг дээшилж, доошлохоос өөр хэлбэлзэлгүй боллоо.
Тээврийн цагдаагийн албаныхны мэдээлж буйгаар осол гарч, хүн эндэх хамгийн том хүчин зүйл нь хариуцлагагүй байдал аж. Анхаарал болгоомжгүйн улмаас гаргасан осол нэлээд жин дардаг гэсэн үг. Үүний араас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх гээд жолооч нараас хамааралтай 30 орчим шалтгаан, нөхцөл бичигдэх нь. Согтуугаар хүрд мушгиж гаргасан осол 2016 онд 104 бүртгэгдэж байсан бол 2018 он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд 110 бүртгэгдээд байгаа нь үүнийг нотлох биз. Мөн хурд хэтрүүлсний улмаас Гарсан осол энэ оны эхний арван сард 76 бүртгэгдсэн нь 2016 оны мөн үеийнхээс 21-ээр өссөн үзүүлэлт гэдгийг дурдах нь зүйтэй.
Энэ талаар холбогдох албаны эх сурвалж “Орон нутгийн замд онхолдсоны улмаас тээврийн хэрэгслээр зорчигч болон жолооч амь насаа алдсан байхад нийслэлд анхаарал болгоомжгүйгээр замын хөдөлгөөнд оролцсоноос явганаар замын хөдөлгөөнд оролцож явсан хүн амь насаа алдсан байна” гэсэн юм. Ер нь зам тээврийн осол ялихгүй шалтгаанаас үүдэлтэй, үүнийг хэн ч залруулж болно. Алсыг зорихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн байдлыг шалгаж, хамт явж буй хүмүүстээ суудлын бүс бүслүүлж, хурдаа тохируулахад л осолдохгүй. Харин хот суурин газар доторх авто замын хөдөлгөөнд оролцохдоо хуулиа мөрдөж, дүрмээ биелүүлэхэд л болох юм.
Энэ онд ослоор нас барсан хүмүүсийн цөөнгүй нь зам хөндлөн гарч явахдаа болон дугуйтай хөдөлгөөнд оролцож үедээ осолдсон байх юм. Зам, тээврийн осол гарахгүй байж болохыг эл үзүүлэлт илтгэж байна. Өнөөдөр “Хичээх өдөр”. Зам, тээврийн осолгүй, аюулгүй орчин бүрдүүлэх өдөр ч гэж ойлгож болно. Зам тээврийн ослоор хохирсон болон тэдний ар гэрийнхний дуу хоолойг хүргэх өдрийг дэлхий нийтээрээ зохион байгуулаад 10 гаруй жил өнгөрчээ.
Харин энэ аянд Монгол Улс нэгдээд тав дахь жилтэйгээ золгож байна. Эл өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албаныхан өнөөдөр зам, тээврийн ослын улмаас амиа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд тэмдэглэн өнгөрүүлэх юм. Долоо хоногийн турш үргэлжлэх эл арга хэмжээний хүрээнд жолооч нараас дүрмээ зөрчихгүй байхыг л хүсэж буй. Зам, тээврийн ослын улмаас өдөрт дунджаар 1-2 хүн нас барж, 15-20 бэртдэг аж. Гарахгүй байх боломжтой ослыг бууруулахын тулд бүгдээрээ хичээж буй нь өнөөдрийн нийгэмд үнэндээ ичмээр хэрэг. Бид цаг бусаар 500 хүнээ жил бүр алдахаар тийм олуулаа биш шүү дээ.
Эх сурвалж
1 comment
bidniig haraal idej ee!!!!Mongol hyn bodlogotoi yhaantai baihgyi bol zyyrdaar yhseer baih yy?….