Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ-ын захирал Ц.Орхонтамир, Онлайн такси үйлчилгээний UBCAB апп хөгжүүлэгч ЮБИ КАБ ХХК-ний гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр Таксигаар үйлчлүүлсэн иргэд НӨАТ-ын Е баримт авах боломжийг бүрдүүлжээ. Тодруулбал Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн онлайн такси үйлчилгээ нэвтрүүлж буй дотоодын тэргүүлэгч инженер залуучуудаас багаа бүрдүүлсэн ЮБИ КАБ ХХК өөрсдийн хөгжүүлсэн Апп-ыг Е-баримт системтэй бүрэн холбож, интеграци хийж дууссан байна.
UBCAB Апп хөгжүүлэгч ЮБИ КАБ компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр “Бид UBCAB 3.0 хувилбар дээрээ НӨАТ-ын урамшууллын системтэй бүрэн интеграц хийж Монголд анх удаа такси төлбөрийн баримт буюу Е-баримт олгох боломжийг бүрдүүллээ” хэмээн хэллээ. Эл үйлчилгээг нэвтрүүлснээр үйлчлүүлэгчид таксигаар үйлчлүүлэх бүртээ Е-баримт авахаас гадна жолооч нарт бодит үр нөлөөгөө өгч эхлэх юм.
Жишээ татвал, 15 жил тасралтгүй таксинд явж байгаа жолооч өдөртөө 60-100 мянган төгрөгийн орлого олдог ч санхүүгийн хэрэгцээ гарахад орлого тодорхойлох боломжгүй гэдэг шалтгаанаар банкнаас нэг ч удаа зээл авч чадаагүй байдаг аж. Харин UBCAB онлайн такси үйлчилгээний жолооч нар UBCAB Апп-аар олсон орлого бүр нь татварын баримтаар баталгааждаг болсноор сардаа 3,9 хувийн хүүтэй банк бус санхүүгийн байгууллагад хандах бус бизнес эрхлэгчдийн адил арилжааны банкнаас ердийн нөхцөлөөр автомашины зээл ч юм уу, ямар нэгэн санхүүгийн үйлчилгээ авахад саадгүй болно.