Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Энхцэцэг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын 9-ний өдөр өгчээ. Тэрээр өнгөрсөн есдүгээр сард Ерөнхийлөгчөөс жуух бичгээ гардан, тухайн орныг зорин мордож байсан.
Гэтэл албандаа мордоод удаагүй О.Энхцэцэг гэнэт ажлаа өгөхөөр шийдсэн нь олны анхаарлыг татав. Сүүлийн үед түүнийг гэр бүлийнхнийгээ татахдаа жуулчны визээр аваачин суурьшуулсан учир Шведээс тэднийг яаралтай гарахыг шаардсан гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр цацагдаад байгаа юм.
Ямартай ч Гадаад Харилцааны Яамнаас мэдэгдэж байгаагаар Элчин сайд О.Энхцэцэг нь ар гэрийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэнэ.
Элчин сайд О.Энхцэцэг нь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой, төрийн болон дипломатын албанд 31 жил ажиллажээ. УИХ-ын чуулганы 2018 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хурлаар Шведэд Элчингээр ажиллаж байсан М.Энхсайханыг эгүүлэн татсан бөгөөд удаан хугацааны туршид түүний орыг залгах элчинг томилолгүй явсаар О.Энхцэцэгийг томилж Шведэд Монгол Улсаа төлөөлөх Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдтай болсон юм. Тэгвэл юуны учир манай улсын мэргэжлийн дипломатчийг Швед улс хүлээн авахаас татгалзсан бэ гэдэг нь анхаарал татахаас аргагүй юм.
Хамгийн ноцтой нь жуулчны виз мэдүүлэхдээ гэр бүлийнхээ гишүүдийн талаар хуурамч мэдээлэл өгсөн нь тогтоогдсон учир тус улс манай улсын Элчин сайдыг гэр бүлийнхээ хамтаар Шведийг орхин явахыг шаардсан бололтой. Хэрэв энэ үнэн бол түүний уг үйлдэл нь тус улсын хуулиар эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм байна. Тэгэхээр дипломат ёс жаягийн наад захын энэ алдаагаа тэрээр гэр бүлийн шалтгаан хэмээн тодорхойлсон байх магадлалтай юм.