Өнөөдөр /2018.11.28/ Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэ бодлого, стратегийг боловсруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтыг шинээр татахад Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор Дэлхийн Банк Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци “Хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийн зураглал” тайланг саяхан гаргасан ба энэ долоо хоногт ОУСК болон Үндэсний хөгжлийн газар хамтран хувийн хэвшлийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж байна.
Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох хөрөнгийн нэлээдгүй эх үүсвэрийг нь ГШХО бүрдүүлдэг болохыг тус тайланд дурьдсан. Гэвч сүүлийн жилүүдэд эдийн засгийн төрөлжилтийг дэмжих гэхээс илүүтэйгээр хөрөнгө оруулалт нэг салбарт хэт төвлөрсөн мөн ГШХО-ын урсгал савалгаатай байв. Тухайлбал, 2012 оноос хойш нийт ГШХО-ын 81 хувийг байгалийн баялаг эрэлхийлсэн хөрөнгө оруулалт эзлэж байна.
ДБГ-ын “Хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих” Төслийн удирдагч Д.Жигжидмаа “Улс орны хөгжил дэвшилд нэн шаардлагатай хөрөнгө мөнгө, ноу-хауг ГШХО-ын шугамаар бий болгох, нөгөөтэйгүүр улсын төсвийн хязгаарлагдмал нөөцийг хэмнэх бололцоотой юм” гэдгийг онцлов. Мөн тэрээр “Монгол Улс хөрөнгө оруулалтын чиглэлээр тогтвортой, тодорхой бодлоготой болсноор ГШХО-ын үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн төрөлжилтийг бий болгох ач холбогдолтой бөгөөд энэ чиглэлээр тус тайлан нь тодорхой зөвлөмжүүдийг санал болгосон” гэв.
Тус тайланд хоёр тулгуурт аргачлалыг зөвлөмж болгосон. Эхний тулгуур нь уул уурхайн салбар дахь ГШХО-ыг цаашид үргэлжлүүлэн татах замаар байгалийн баялагт чиглэсэн ГШХО-ыг нэмэгдүүлэх явдал юм. Үүний зэрэгцээ дотоодын нэмүү өртгийг нэмэгдүүлэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтын уялдааг хангах стратегийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна.
Хоёр дахь тулгуур нь бусад салбарт ГШХО-ыг татах замаар эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэгдэнэ. Цаашид, тус улс өрсөлдөх чадвар бүхий салбарууд болон зах зээлд ГШХО-ын чиглүүлэх бодлогыг баримтлах нь зүйтэй. Судалгааны эхний үр дүнгээс харахад аялал жуулчлал, цахим худалдаа, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад ГШХО-ыг татах нь оновчтой юм.
“Хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлийн зураглал” судалгааны ажлын гол ач холбогдол нь шинэчлэлийн тодорхой арга хэмжээнүүдийг ажил хэрэг болгоход түлхэц үзүүлсэн явдал юм. Тухайлбал Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн ажлын албыг Үндэсний хөгжлийн газарт шилжүүлэн үйл ажиллагааг нь эрчимжүүлэх, түүнчлэн ирэх оны 1-р сард үүд хаалгаа нээх хөрөнгө оруулагчдад хүрч ажиллах нэг цэгийн үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг олон нийтэд таниулахад ихээхэн нөлөөлсөн юм. ҮХГ ОУСК-ийн туслалцаатайгаар Хөрөнгө оруулалтын бодлогын мэдэгдлийг боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа ба үүнд хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо чухал гэж үзэж байна,” – хэмээн ҮХГ-ын дарга Б. Баярсайхан онцлов.
Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчин, сайн засаглалыг сайжруулах хэрэгцээ шаардлага байгааг энэхүү тайланд мөн онцлон тэмдэглэсэн. Үүнийг тулд одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомж (үүний дотор Хөрөнгө оруулалтын хуухай хууль), дүрэм журмын хэрэгжилтийг үр дүнтэй хангах, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэж буй үйл ажиллагааг (Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл, Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо, Үндэсний хөгжлийн газар) боловсронгуй болгоход анхаарах шаардлагатай. Түүнчлэн Монгол Улс хөрөнгө оруулалтыг дэмжин сурталчлах чадавхийг бүрдүүлэн бэхжүүлэх хэрэгтэй байна.
Дэлхийн Банк Групп 2014 оноос эхлэн ОУСК-аас хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих” Төслөөр дамжуулан хөрөнгө оруулалтын бодлогыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, институцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсад бодлогын зөвлөлгөө болон техникийн туслалцааг үзүүлж ирсэн. Мөн төслийн хүрээнд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт ГШХО татах замаар олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгдэн орох нөөц боломжийн талаар зөвлөмж тайланг 2017 оны 4 дүгээр сард боловсруулан гаргасан.
Тайлангийн хувийг энэ холбоосоор орж татаж авна уу.
ОУСК-ийн тухайд
Дэлхийн Банк Группын гишүүн байгууллага ОУСК нь хөгжиж буй зах зээлүүд дэх хувийн хэвшилд чиглэсэн дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхийн 2,000 гаруй бизнесийн байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд хөрөнгө нөөц, мэдлэг чадвар, нөлөөгөө ашиглан дэлхийн хамгийн амаргүй газруудад боломжийг бий болгох чиглэлээр ажилладаг. Бид 2018 оны санхүүгийн жилд 23 гаруй тэрбум америк долларын хөрөнгө оруулалтыг хөгжиж буй орнуудад хийснээр туйлын ядуурлыг устгах, хамтын хөгжид цэцэглэлтийг өрнүүлэхэд хувийн хэвшлийн хүчийг ашиглах хөшүүрэг болж өгсөн. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org. цахим хуудаснаас авна уу.
Бидэнтэй холбогдох хаяг:
www.twitter.com/IFC_EAP
www.youtube.com/IFCvideocasts
www.ifc.org/SocialMediaIndex