Г.Хажидмаа: У.Хүрэлсүх сайд аа! Таны хариуг бүтэн жил хүлээж байна

“Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-аас 2018 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр өндөр насны тэтгэврийн зээлийн хүүг тэглэх тухай шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн байдаг. Харин уг шаардлагад өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хариу ирүүлээгүй юм байна. Энэ талаар тус ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа “У.Хүрэлсүх сайд аа, таны хариуг бүтэн жил хүлээсэн шүү. Та ард түмний өгсөн ганц бичигт хариу өгөхгүй байж яаж ард түмэн намайг дэмжиж байгаа гэж худал ярьж суугаа юм бэ? Таны хариуг бүтэн жил хүлээж байна. ЖДҮ-ийн даргаар дүүгээ болгоод, тойрсон хулгайч нартаа тэр их мөнгийг тарааж байхаар ганцхан удаа ахмадуудыг бодсон бол та ард түмний баатар байхаар байлаа.” хэмээн сэтгэгдлээ бичжээ.
Г.Хажидмаа өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
-Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулж байгаа л даа. 18 хувь байсныг 15 болгосон. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд гэхэд 15-аас 12 хувь болгож бууруулсан. Гэхдээ энэ хангалтгүй байна.
Үе үеийн засгийн газар нь төрөөс төрсөн тэрбумтнуудын толгойг байнга илж, төрөөс зээлсэн мөнгийг нь улс буцаан авахгүй байх шийдвэр гаргадаг гэдгийг ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Ийм мэдээ үе үе чих дэлсдэг.
2018 оны нэгдүгээр сард гэхэд шатахууны асуудал ард түмэнд маш хүнд туслаа. Шатахуун хомсдож байна гэсэн нэр барьж байгаад монголын толгой баячууд нь Онцгой албан татвар буюу 200 тэрбум гаруй төгрөг улсын данснаас хасууллаа. Төрөөс төрсөн баячуудынхаа зээлийг тэглэж өгдөг. Энэ бол аль ч улс оронд байж боломгүй үзэгдэл.
Тийм болохоор цагаан сараас өмнө тэтгэврийн зээлийг нь тэглээд өгөөч гэж байгаа юм. Хамгийн их хохирч байгаа нь өндөр настнууд. Тэгэхээр төрөөс хулгай хийсэн хүмүүсийн данс, ХОМ-ыг шалгаж, төр төмөр нүүрээ харуулан тэдгээр хууль бус хөрөнгийг нь хураан авч эдийн засагтаа нэмэрлэх гарц бас бий гэж байсан юм.