Украины Дээд Рад улс орондоо 30 хоногийн хугацаагаар дайны байдал зарлах тухай Ерөнхийлөгч Петр Порошенкогийн зарлигийг дэмжин баталсан байна. Энэ шийдвэрийг Парламентын гишүүдийн 276 нь дэмжин баталсан байна. Гэхдээ ерөнхийлөгч Порошенко Дээд Рад дахь санал хураалтын өмнө дайны байдал зарлах тухай хуулийн шинэ төсөлдөө хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна. Хуулийн төслийн анхны хувилбарт дайны байдлыг 60 хоногийн хугацаагаар зарлах санал оруулсан.
Хэрэв хугацааг нь багасгах санал оруулаагүй бол ирэх 12 дугаар сарын 31-ний өдөр Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил эхлэх боломжгүй болох байсан юм. Тиймээс Дээд Радын зарим гишүүн Ерөнхийлөгч Порошенког ийм төрлийн хуулийн төсөл батлах журмыг зөрчсөн, дайны байдлыг ашиглан Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг цуцлахыг чармайж байна хэмээн шүүмжлэн эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Харин Ерөнхийлөгч Порошенко ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ дайны байдал зарлах өдөр, хугацааг өөрчилсөн байсан.
Энэ дагуу дайны байдлыг энэ сарын 26-наас биш харин 28-наас, 60 биш 30 хоногийн хугацаатайгаар зарласан байна. Мөн Украины бүх нутаг дэвсгэрт биш тодорхой хэсэгт нь дайны байдал зарлахаар болсныгоо Радад санал хураалт эхлэхээс өмнө мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэрээр дайны байдал зарлаж байгаа нь Украин улс өөр улс орны эсрэг дайн зарлаж буй хэрэг биш гэдгийг онцгойлон тэмдэглэж байлаа.
Энэ зарлигийг батлах хуулийн төсөлд дайны байдлыг Оросын хилийн дагууд байрлалтай мужуудад болон Украин Молдавын хилийн Приднестровын хэсэгт, Хар болон Азовын тэнгисийн эрэг дагуух нутгуудад зарлахаар тусгасан байгаа. Мөн Украин улс хэнтэй ч дайтахаар төлөвлөөгүй. Түрэмгийлэл, тэр дундаа ОХУ-ын зүгээс ил тод түрэмгийлсэн үйлдлүүд ихээр гарч байгаатай холбоотойгоор улс орныхоо хамгаалалтыг чангатгах зорилгоор л дайны байдал зарлаж байна. Дайны байдал зарласан нь Украины нутаг дэвсгэрийг чөлөөлөх асуудлыг улс төр, дипломат аргаар зохицуулахаас бид татгалзсан гэсэн үг биш юм.
Хар тэнгисийг Азовын тэнгистэй холбодог Керчийн хоолойд Оросын байлдааны хөлөг онгоцнууд Украины байлдааны 2 хөлөг онгоцыг хүчээр саатуулах үеэр Украины цэргүүд гэмтэж шархадсан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгч Порощенко үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлан хуралдуулж улс орон даяар дайны байдал зарлахаар шийдвэрлэсэн юм. Дээд Радын эцэслэн баталснаар өнөөдрөөс эхлэн Украины Винница, Луганск, Донецк, Николаевск, Одесс, Сумск, Харьков, Чернигов хот Запорож, Херсон мужууд, Азовын тэнгис, Керчийн хоолойн Украинд харьяалагддаг хэсэгт дайны байдлыг зарлах юм.
Эх сурвалж: Moнголын мэдээ