Улс төрийн намууд ихэвчлэн ардчилсан болон социал демократ гэх мэт ерөнхий нэртэй байдаг. Гэсэн хэдий ч жигтэй сонин нэр сонгосон улс төрийн намууд ч бий. Энэ удаа дэлхийн хамгийн хачирхалтай нэртэй улс төрийн намуудын тухай мэдээг хүргэе.
Далайн дээрэмчний нам: Үнэхээр хачирхалтай нэртэй ч тус намынхан дээрэм тонуул хийж, хөлөг онгоц сүйтгэдэггүй. Үүнээс гадна ийм хачин нэртэй нам зөвхөн Исландад ч байдаггүй аж. Тухайлбал Герман, Япон, Бразил, Балба зэрэг олон оронд Далайн дээрэмчний нам бүртгэгджээ. Дэлхий дээр ийм нэртэй нам нийтдээ 60 гаруй бий. Мэдээж энэ намууд иргэний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж, түүнчлэн патентын болон зохиогчийн эрхийн төлөөх шинэчлэл хийхийг зорьдог.
2009 онд Орост ч Далайн дээрэмчний нам бий болсон. Үнэндээ тус улсын Хууль зүйн яам нэр нь ОХУ-ын хууль тогтоомжтой зөрчилдөж байна гэх шалтгаанаар гурван удаа бүртгэхээс татгалзаж байсан түүхтэй. Гэвч дэлхийд үүнээс ч хачин нэртэй намууд өч төчнөөнөөрөө бий.
Шар айрагт дурлагсдын нам: Ийм нэртэй нам Далайн дээрэмчний нам шиг нэлээд хэдэн оронд бүртгэлтэй байдаг аж. Тухайлбал, Польш, Белорусь, Украин, Орост Шар айрагт дурлагчдын нам бий.
Хагас ухаантнуудын нам: Зарим гишүүдийн гаргасан хачин санаачилгуудыг харж байхад архи, шар айргаа хэтрүүлчихэв үү, эсвэл хагас ухаантнуудын намд орчихов уу гэмээр байдаг шүү дээ. Тэгвэл үнэхээр ийм нэртэй нам байдаг аж. Албан ёсны нэршил нь Хагас ухаантнуудын гайхамшигт солиотой нам нэрээр Их Британид 30 гаруй жилийн өмнө буюу 1983 онд бүртгэгджээ. Байгуулагдсан цагаасаа хойш тус нам утга учиргүй гэсэн бүхнийг л хийж байсан бөгөөд үндсэн тогтолцоогоо дэмжихийн тулд амьтдыг хүртэл намдаа элсүүлж, 1999-2002 онд муурыг намын даргаар ажиллуулж байлаа.
Сонгуулийн өмнөх кампанит ажил нь үнэхээр гаж, этгээд байсан ч тус намын зарим санаачилгууд амьдралд биеллээ олсон гэдэг. Тухайлбал баарууд хоногийн 24 цагийн ажиллагаатай болж, амьтдад мал эмнэлгийн паспорт олгож, 18 наснаас эхлэн сонгуульд оролцох боломжтой болжээ. Энэ бүхэн тус намын гаргасан санаачилга юм.
Залхуучуудын нам: Данид 1979 онд нэгэн этгээд нийгэмлэг бий болсон. Энэ бол Ажлаас сайн дураар залхуурагсдын холбоо юм. Ийм этгээд нэртэй байгаад гайхах ч хэрэггүй. Яагаад гэвэл тус намыг хошин шогийн жүжигчин Якоб Хогаард байгуулсан юм чинь. Анхандаа тус нам Данийн иргэн бүрийг залхуурах эрхтэй хэмээн тунхаглаж байв.
Гэвч 1994 онд Хогаард сайхан цагаар, Зул сарын бэлэгний чанарыг сайжруулах, цэцэрлэгт хүрээлэнгийн нугасанд зориулагдсан талхны тоог нэмэх зэрэг амлалт өгтөл гэнэт парламентад суудалтай болох нь тэр. Гэвч төрийн алба нэрт инээдмийн жүжигчнийг залхаасан бололтой, тэрбээр 1998 онд улс төрөөс гарчээ.
Дулаан орны нам: “Оросын дулаан орны нам” ч сайхан цаг уур амлаж гарч ирснээрээ алдартай. 1993 онд байгуулагдсан тус нам цаг уурын шинэчлэл хийж, үүний үр дүнд тус улсын цаг агаарыг +20 хэмээс буухгүй болгоно гэж амлаж байжээ. Тэр ч бүү хэл тус намын дарга Владимир Прибыловский ус буцлах температурыг бууруулж, архины градусыг нэмнэ гэж байлаа.
Ёс журамгүйчүүдийн нам: Улс төрийн бүлэглэлүүд тун этгээд санаачилгаар нэгддэг. 2001 онд Их Британид “Нэг ч нэр дэвшигч миний саналыг авах эрхгүй” нэртэй нам бүртгэгджээ.
Анх харахад улс төрийн энэхүү бүлэглэл ээлжит тоглоом шоглоомоо хийж буй мэт боловч тус намын хувьд сонгуулийн шинэчлэл хийх, саналын хуудсанд “бүгдийн эсрэг” гэсэн нэмэлт заалт оруулах зорилготой байжээ.
Дурлалын нам: ОХУ-ын Архангельск мужийн экс дарга, Москвагийн эротик музейг санаачлагч Александр Донской нарын 2012 онд байгуулсан Дурлалын нам нь “Нэг ч нэр дэвшигч миний саналыг авах эрхгүй” намыг дэмжигчид шиг үйл ажиллагаа төлөвлөж ажилладаг байжээ.
Тус намын хувьд бүх нэр дэвшигчийн эсрэг санал өгөхийг уриалж байгаагүй ч дуулиан тарьсан үйл ажиллагаа явуулж, намуудыг сонгуулийн амлалтаа биелүүлэхийг шаарддаг байв.
Интернэт нам: Дурлалын намыг эротик музейг үүсгэн байгуулагч санаачилсан юм чинь Интернэт намыг хакер л үүсгэн байгуулах нь ойлгомжтой. 2000-аад оны эхээр Дмитрий Голубовын ачаар ийм нам үүсчээ.
Тус нам 2014 оны ээлжит бус сонгуулиар 17 нэр дэвшигч бүртгүүлсэн аж. Интернэт намын албан ёсны сайтад мэдээлснээр намын даргаар Дарт Вейдер гэгч ажилладаг юм байна.
Цагаан хоолтны нам: Цагаан хоол сүүлийн жилүүдэд дэлхий дахинд интернэт сүлжээнээс дутахааргүй тархаж байна. Тийм ч учраас цагаан хоолтнуудын нам байдаг гэвэл хэн ч гайхахгүй биз ээ. Гэхдээ 1947 онд ийм нам байгуулагдахад дэлхий нийт үнэхээр хачирхаж байсан юм. АНУ-д “хүнсний ногооны” улс төрийн бүлэглэлийг Саймон Гоулд байгуулж, рестораны эзэн, цагаан хоолтон, 84 настай Жон Максвелл намыг удирджээ.
Тэрээр өөрийгөө 45 жилийн турш мах идээгүй гэдэг байсан бөгөөд намынхантайгаа нийлж, мах, архи, тамхи, эмнэлэг зэргийг хорихоор зориг шулуудан ажиллаж байжээ. Хамгийн гол нь тус намынхан дэлхийн аль ч цэгт АНУ-ын цэргийг оруулахыг дэмждэг байсан аж. Азаар дайныг дэмжигч, мах, анагаах ухааныг эсэргүүцэгч нам 1963 онд татан буугдсан түүхтэй.
Гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нам: Их Британид 2008 онд “Их Британийн миссийн нам” бий болсон түүхтэй. Намын нэрээс харахад л тус намд гоо бүсгүйн тэмцээнд оролцсон охид элссэн гэдэг нь тодорхой. Гэвч жилийн дараа сонгуулийн комиссоос намын бүртгэлийг цуцалжээ.
Магадгүй сонгуулийн комиссынхон гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдэд улс төр тохирохгүй гэж үзсэн биз. Гэвч үүнээс жилийн дарга Санзиана Буруяна хэмээх загвар өмсөгч бүсгүй Гоо бүсгүйчүүдийн намыг байгуулж, илүүдэл жинтэй болон хайртай хүнээ араар тавьсан хүмүүст торгууль ногдуулах, шаргал үстэй бүсгүйчүүдийг доромжилж шоолбол шоронд суулгах зэрэг асуудлыг санаачилж байжээ.
2 comments
Монголд нэрээ өөрчлөх шаардлагатай хэдэн нам бий 1. Ардын хөрөнгийг Аймшигтай Идэгч Ардын нам /АХАИАН/, гэх мэт
ok