Ойрын өдрүүдэд спорт холбоодууд холбооны Их хурлаа товлож, шинэ удирдлагаа сонгож байна. Тухайлбал, саяхан Монголын цанын холбоо хуралдан, өмнөх ерөнхийлөгч Д.Хишигжаргал ажлаа хүлээлгэн өгч, Р.Хатан тус холбоог удирдахаар болсон. Тэгвэл энэ бямба гарагт буюу 2018.11.24-нд Монголын олимпийн Таеквондогийн холбоо Ээлжит бус Их хурлаа хийх гэж байна. Тус хурлаар таеквондочид холбооны шинэ дүрмээ баталж, ирэх дөрвөн жилд тус холбоог удирдах удирдлагаа сонгох юм.
Өнөөдрийн байдлаар Монголын Таеквондогийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор тодорхой болсон байна.
Нэр дэвших эрхийг холбоод болон клубуудэд нээлттэй зарласан бөгөөд заасан хугацаанд тус холбооны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр Монголын оюутны Таеквондогийн холбооноос Б.Онон, “Арслан” клубээс өмнөх ерөнхийлөгч Д.Энхбат нар нэрээ дэвшүүлж, мандатаа авчээ.
Д.Энхбатын хувьд 2006 оноос 2018 оныг хүртэлх 12 жилийн хугацаанд Монголын таеквондогийн холбоог удирдаж байгаад одоогоос сар гаруйн өмнө буюу 2018 оны аравдугаар сарын 17-нд ёс зүйн хариуцлага хүлээн, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. Тодруулбал, энэ оны наймдугаар сард пара таеквондогийн тамирчин У.Сүрэнжав БНСУ-д болсон олон улсын тэмцээнд оролцохдоо допингийн төрөлд хамаарах эм бэлдмэл /Фурсамид/ хэрэглэсэн нь тогтоогдож, допингийн эсрэг зөрчил гаргасан тохиолдол тус холбоонд бүртгэгдсэн юм. Энэ явдалд тэрбээр хариуцлага хүлээж, баг тамирчдыг зохион байгуулж чадаагүй тул холбооны Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнийн хамт үүрэгт ажлаас чөлөөлөгдөн, Монголын үндэсний олимпийн хороо болон Биеийн тамир, спортын газарт энэ тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байдаг.
Гэтэл алдаа гаргаж, хариуцлагаа хүлээсэн өмнөх удирдлага дахин холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихээр өөрийгөө санал болгосон нь энэ спортынхны гайхширлыг төрүүлсэн үйл явдал болж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц өнгөрсөн жил Үндэсний шигшээ багийн спорт холбоодын ерөнхийлөгчидтэй хамтран ажиллах хариуцлагын гэрээ байгуулсныг санах хэрэгтэй.
БТСГ нь спорт холбоодтой гэрээ байгуулснаар ажлын хариуцлага, баг тамирчдын амжилт зэрэг зүйлд “хариуцлага нэхэж” ажиллах заалттай тэр гэрээ ёсоор бол Монголын таэквондогийн холбооны өмнөх удирдлага дахин нэр дэвших байтугай хариуцлага хүлээх нөхцөл байдалд хүрсэн. Монголын спортод энэ мэт холбооны эрх мэдлийг удаан хугацаанд хашсан, түүнийгээ бамбай болгож ирсэн тохиолдлууд ганц таэквондо гэлтгүй олон холбооны жишээн дээр харагддаг.
Монголын таеквондочид 12 жилийн дараа ээлжит бус Их хурал хуралдуулах гэж байгаа нь ч өөрөө анхаарах асуудал юм. Гэтэл 12 жил холбооны тамгыг атгасан, эцэстээ хариуцлага хүлээн ажлаа өгсөн хүн сарын дотор урваж шарван, холбооноос явахыг хүсэхгүй байгаа нь хачирхалтай.
1 comment
Mongolchuud ter chigeeree hoshin shog